Type search keyword

ХасБанк Олон Улсын Санхүүгийн Корпорациас дахин 130 сая ам.доллар хүртэл санхүүжилт авахаар гэрээ зурлаа

2022 оны 12-р сарын 28-ны өдөр, Улаанбаатар хот. – ХасБанк Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-аас 130 сая ам.доллар хүртэл дүнтэй синдикат зээлийн санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр 2022 оны төгсгөлд ХасБанк ОУ-н санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай нийт 210 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг амжилттай байгуулсан нь Монгол улсад КОВИД цар тахалын дараа орж ирж буй томоохон санхүүжилтүүдийн нэг юм. 

ОУСК-аас авч буй энэхүү санхүүжилт нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон жижиг дунд бизнес эрхлэгч, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, мөн байгаль орчинд ээлтэй ногоон төслүүдийг дэмжихэд зориулагдах юм. 

Өөрөөр хэлбэл, энэхүү санхүүжилтийн тусламжтайгаар харилцагч, жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ шинэ боломжууд, хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нь санал болгож, тэдний санхүүгийн хэрэгцээг хангах, бизнесийн өсөлтөд нөлөөлөх, өрсөлдөх чадвар, ажлын байрнэмэгдүүлэхэд илүү боломжуудыг олгох юм.

ХасБанк нь ОУСК-тай хамтран гурав дах удаагаа ийнхүү синдикат хэлбэрээр санхүүжилт босгож байгаа бөгөөд тус зээл нь аливаа барьцаагүй (unsecured senior loan) бөгөөд хэлцэлд оролцож буй олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс ХасБанкны санхүүгийн байдал, засаглал, ил тод байдал, ирээдүйн өсөлтийн боломж, санхүүгийн сахилга бат болоод найдвартай байдалд хүлээлгэж буй итгэлцлийн нэг илэрхийлэл юм.

ХасБанк байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк, санхүүгийн салбарт эрүүл бизнесийн зарчим баримтлан ажиллаж, үнэ цэнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг бий болгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн билээ. Өдгөө ХасБанк нь иргэд, жижиг дунд бизнес, байгууллагын зах зээлд байр сууриа бэхжүүлж, ногоон бизнес, тогтвортой санхүүжилтийн чиглэлд тэргүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

ОУСК нь1999 онooc хойш ХасБанктай хамтран ажиллаж байгаа ба анх банк бус бичил зээлийн байгууллагаас арилжааны банк болон дэвшихэд зөвлөх шугамаар хамтын ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй, Дэлхийн Банк Группын гишүүн, олон улсын хамгийн том хөгжлийн байгууллага юм. www.ifc.org