
ХАСБАНК ТоС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “БАНКНЫ ТӨГӨЛ” НЭГДСЭН АЯНД ОРОЛЦЛОО
Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болох “Үлгэрлэн манлайлах” болон “Соёлын өвөө хамгаалах” зарчмын хүрээнд Монголын Банкны Холбоо, ТоС-ийн ажлын хэсгээс “Миний Клуб” оюутнуудын онлайн бүлгэмтэй хамтран зохион байгуулсан “Банкны төгөл – 2015” нэгдсэн аянд ХасБанк ТоС хөтөлбөрийн 2015 оны манлайлагч байгууллагын хувьд идэвхтэй оролцож, өнөөдөр Чойжин ламын сүм музейн хашаанд мод тарьлаа.
ХасБанк нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлсээр ирсэн. Бид байгаль орчин, нийгэмд ээлтэй зөв хандлагыг төлөвшүүлэх, бусад ААН, байгууллага, ард иргэдэд үлгэр дууриалал үзүүлэх, цэвэр агаартай, хоггүй орчныг бий болгох зорилгоор олон арван ажил санаачлан зохион байгуулдаг бөгөөд зөвхөн энэ онд л гэхэд ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн нэгдлийн хамт олон Сэлбэ голын эрэг дагуух 2.2 км газрыг цэвэрлэж, 3000 орчим шуудай хогийг ачуулсан билээ.
Мөн бид 2007 оноос эхлэн жил бүрийн хавар, намар орон даяар хэрэгжүүлж ирсэн “Хас Төгөл” аянаа мөн үргэлжлүүлж ирэх Бямба гарагт буюу 5-р сарын 9-ний өдөр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд мод тарихаар бэлтгэж байна. Хас Төгөл аяны хүрээнд одоогийн байдлаар 21 аймаг, Улаанбаатар хотод нийт 27 ногоон төгөл байгуулж, 32,000 гаруй мод, бут тариад байна.