Type search keyword

ХасБанк Францын ПРОПАРКО санхүүгийн байгууллагаас урт хугацааны эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа

2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ХасБанк, “Agence Française de Développement” Францын Хөгжлийн Агентлагийн харьяа ПРОПАРКО санхүүгийн байгууллагаас урт хугацааны эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурахаар ПРОПАРКО санхүүгийн байгууллагын Хойд, Зүүн-Өмнөд Азийн Бүсийн Захирал ноён Пиэр Алайн Пакауд, Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлунэ, XасБанкны Гүйцэтгэх Захирал Дүгэрсүрэнгийн Бат-Очир нар оролцлоо.
 
Энэхүү зээл нь ХасБанк ПРОПАРКО-с авч буй анхны санхүүжилт бөгөөд Францын Хөгжлийн Агентлагаас Монгол Улсын банк санхүүгийн байгууллагад олгож буй анхны томоохон хэмжээний хөрөнгө оруулалт болж байгаагаараа онцлогтой юм. ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир энэхүү үйл явдлыг“Бид энэ удаад дэлхийн нэр хүнд бүхий байгууллага болох ПРОПАРКО-той түншлэн, санхүүгийн харилцаа тогтоож байгаа Монголын анхны банк болсон явдлыг нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. ПРОПАРКО-с авсан санхүүжилт нь Монгол Улсад жижиг дунд бизнес эрхлэгчдийн урт хугацааны зээлийн хэрэгцээг хангах боломжийг олгоно гэдэгт ХасБанк бүрэн дүүрэн итгэлтэй байна.”гэж цохон тэмдэглэлээ.
 
 
ПРОПАРКО санхүүгийн байгууллагын Хойд, Зүүн-Өмнөд Азийн Бүсийн Захирал ноён Пиэр Алайн Пакауд зээлийн гэрээнд гарын үсэг зурах үеэр “Монгол Улс нь байгалийн асар их баялагтаа тулгуурлан үсрэнгүй хөгжилд хүрэх боломж бүрэн дүүрэн байна. Тиймдээ ч сүүлийн хэдэн жилд эдийн засаг нь хурдацтай өссөөр ирлээ. Гэвч анхаарал хандуулбал зохих нэг асуудал байгаа нь эдийн засгийн энэхүү огцом өсөлтийг хэрхэн тогтворжуулж,нийгэмд хүртээлтэй болгох вэ гэдэгт байна. Бид нийгмийн бүхий л давхрагыханд санхүүгийн үйлчилгээг бодитоор хүргэж буй тэргүүлэгч байгууллагуудын нэг XасБанктай хамтарч ажиллах болсондоо туйлын их баяртай байна. Бидний олгосон санхүүжилт жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлд хамрагдах өргөн боломжийг олгохын зэрэгцээ нийгмийн эмзэг бүлгийхэнд ч санхүүгийн дэмжлэг болон хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна.”гэж тэмдэглэн хэлэв.
 
ПРОПАРКО нь “AFD” Францын Хөгжлийн Агентлаг болон бусад хувийн болон улсын хувьцаа эзэмшигчдийн хамтран байгуулсан Хөгжлийн Санхүүгийн Байгууллага юм.Тус байгууллага нь хувийн хөрөнгө оруулалтуудыг удирдах замаар хөгжиж буй орнуудын, тэр дундаа хурдацтай хөгжиж бyй орнуудын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бэхжүүлэх, Мянганы Хөгжлийн Зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ПРОПАРКО нь дэлхий даяар олон талт хөгжлийн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг голлох байгууллагуудын нэг бөгөөд 4 тивийн хөгжиж буй орнууд, тэр дундаа Африк тивд голчлон хөрөнгө оруулдаг юм. ПРОПАРКО нь нийгэм болон хүрээлэн буй орчныг хамгаалах талаар өндөр хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
XАСБАНК нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд иргэд, бичил ба жижиг дунд бизнес эрхлэгч, томоохон аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тус банк нь өөрийн 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төв, 1000 гаруй мерчант, АМАР мобайл банкны агент, хамтран ажилладаг 49 хадгаламж зээлийн хоршоодоороо дамжуулан орон даяар нийт 500 мянга гаруй харилцагч нартаа санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж байна. ХасБанк нь үйл ажиллагаандаа Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэм зорилгоо болгон ажиллахын зэрэгцээ хувь нийлүүлэгчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг ямагт нэмэгдүүлэн ажиллаж байна.