Type search keyword

Хасбанк УБТЗ-ын Ажиллагсдад Санхүүгийн Үйлчилгээ Үзүүлэхээр Боллоо

Монгол Улсын томоохон банкуудын нэг болох ХасБанк нь “Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тус байгууллагаас хэрэгжүүлж буй Орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар боллоо.


УБТЗ ХХН нь ажиллагсдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ирсэн бөгөөд төмөр замчдыг орон сууцжуулах болон эрүүл мэндийг сахин бэхжүүлэх цогц хөтөлбөрүүдийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн ачаар 2011 онд л гэхэд нийт 769 өрх шинэ орон сууцны түлхүүр гардаж авсан байна. ХасБанкны тухайд олон жилийн өмнөөс Төмөр замын харъяа байгууллагуудад банкны үйлчилгээг хүргэж байсан туршлагатай бөгөөд цаашид ч шинэлэг үйлчилгээ, санхүүгийн цогц шийдлүүдийг хүргэхээр ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн ажилтнуудад зориулан зах зээлийн түвшнээс доогуур хүүтэй, хөнгөлөлттэй нөхцлөөр урт хугацааны Орон сууцны зээл олгох ба эхний ээлжинд манай улсын төмөр замын сүлжээний түшиц газар болсон Сайншанд, Зүүнхараа хотод шинээр ашиглалтад орсон барилгаас орон сууц худалдан авч байгаа иргэдэд үйлчлэхээр боллоо.


Энэхүү гэрээг байгуулснаар Эх орны эдийн засгийн гол нуруу, төмөр судасны найдвартай ажиллагааг ханган ажиллаж байгаа олон мянган ажилтныг эгнээндээ нэгтгэсэн УБТЗ ХНН болон санхүүгийн салбарт амжилттай ажиллаж буй ХасБанк хамтран ажилласнаар 16,000 гаруй төмөр замчин, тэдгээрийн гэр бүлд санхүүгийн шуурхай үйлчилгээг хүргэж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх боломжтой боллоо.

Төгсөв.