ХасБанк үндэсний нүүрс олборлогч Багануур ХК-тай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо
Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХасБанк нь үндэсний нүүрсний уурхайн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Багануур ХК-ийн ажиллагсдад санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг харилцан баталлаа.
Багануур ХК нь төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ буюу монголын Томоохон 5 цахилгаан станцууд болох ДЦС 2,3,4, Дархан, Эрдэнэтийн ДЦСтанцуудыг нүүрсээр хангадаг өндөр бүтээмж бүхий уурхай бөгөөд нийт 1040 ажиллагсадтай юм. Ийнхүү ХасБанктай хамтран ажилласнаар Багануур ХК нь ажиллагсадынхаа орлого, худалдан авах чадварт нийцсэн олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн, нэн ялангуяа орон сууцны зээлийн санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн санал санаачлагууд, төслийг хамтран хэрэгжүүлэх, тодорхой шалгуурыг хангасан ажиллагсдад орон сууцны урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгох юм.
ХасБанк нь энэхүү урт хуцааны хамтын ажиллагаандаа санхүүгийн үйлчилгээнээс гадна нийгэмдээ чиглэсэн, хүүхэд, гэр бүл болон байгаль орчинд хандсан олон талт ажлуудыг хамтран санаачилж хийх, хуримтлал үүсгэх, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр сургалт зөвлөгөө өгөх хөтөлбөр, санаачлагуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн ХасБанк нь Багануур ХК-ийн үйлдвэрлэлийг түшиглэн үйл ажиллагаагаа шинээр явуулах иргэн, аж ахуйн нэгж, мөн хамтран ажиллаж буй бусад байгууллага, иргэнд санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг аль болох харилцан таатай нөхцөлтэйгээр хангаж ажиллах юм.
Энэхүү хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж ХасБанкны Зүүн Бүсийн Захирал Б.Алтангоо үг хэлэхдээ “Манай Банк Багануур Дүүрэг дэх санхүүгийн үйлчилгээг тус дүүргийн томоохон аж ахуйн нэгж болох Багануур ХК-д ажилладаг иргэдийн орлого, санхүүгийн чадамжтай уялдуулан үзүүлэх болсон нь тус дүүрэгт ажиллаж амьдарч буй иргэдийн тогтвортой сууршил, хөдөлмөр эрхлэлт болон дүүргийн хөгжил цэцэглэлтийг дэмжих бас нэгэн үндэслэл юм” хэмээн онцлон тэмдэглэв.