Type search keyword

ХаcCup 2011 Гольфийн Тэмцээний Шагналын Эзэд Тодорлоо

ХасБанкнаас уламжлал болгон зохион байгуулдаг ХасCup сонирхогчдын гольфийн нээлттэй тэмцээн 9 дүгээр сарын 17нд Тэрэлжийн аманд байрлах Чингис Хаан гольфийн тайлбайд амжилттай зохион байгууллагдлаа. Сонирхогчдын хүрээгээ жил бүр тэлж, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан энэхүү спортын тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг,  ХасБанкы ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, “ХасЛизинг” компанийн захирал, эдийн засагч Д.Жаргалсайхан, АМГ-ын орлогч дарга Н.Амраа, Балдорж агсны хүү “Улаанбаатар” зочид буудлын ТУЗ-ийн дарга Б.Мөнхтүшиг, “Номин Талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа гээд нийтдээ 77 тамирчин өрсөлдсөн бөгөөд энэ жилийн тэмцээнд Солонгос улсын сайн дурын тамирчид оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож, оролцогчдын чансаа өмнөх тэмцээнүүдээс илт нэмэгдсэн нь харагдаж байв.

Эмэгтэй тамирчдын шилдэгээр А.Энэрэл 90 оноогоор тэргүүлж, Чан Жэн Суг 92, Н.Бадмаа 96 оноо авч, хоёр, гуравдугаар байрт шалгарсан. Харин эрэгтэй тамирчдыг Ким Му Хо 76 оноогоор тэргүүлэн нэг сая төгрөгийн эзэн болсон бол хоёрдугаар байрыг  Шин Тай Гьюн, гуравдугаар байрыг Лисүк Жай нар эзэлсэн юм.  Хувийн амжилтын дүнгээр 84 оноогоор Кук Жун Юуль тэргүүлсэн бол Н.Баттулга 85, Чой Хэён Жун 89 оноогоор удааллаа. Мөн Монголын Гольфийн Холбооны нарийн бичгийн дарга Я.Баярхүү 350 метр цохиж, хамгийн хол цохисон тамирчин, Н.Цогтоо нүхэнд 10 сантиметр ойрхон цохиж, хамгийн ойрхон цохиж оролцогчдыг хөгжөөсөн юм.

Мөн энэ үеэр эх орноо төлөөлөн Сингапурт болох Гольфийн сонирхогчдын Азийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох Г.Мэндсайхан, Д.Өлзийдэлгэр нарын бэлтгэлд зориулан  ХасБанкны зүгээс тус бүр 300 ам.долларын урамшуулал гардуулсанаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм.