
Дэлхийн залуу удирдагчид Монголын анхны хөрөнгө оруулалтын санг байгуулахаар ажиллаж байна
Хонг Конг & Улаанбаатар – 2012 оны 7 дугаар сар 23
Ирээдүйн төлөөх Глобал Институци нь (ИТГИ) 28 дахь “Дэлхийн Залуу Удирдагчид Хөтөлбөрөө” (ДЗУХ) ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон Фронтиер ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Orix, NEC, DuPont, Bosch, DBS Bank, and BASF зэрэг компаниудын 30 удирдах албан тушаалтан Улаанбаатарт ирж ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон Фронтиер ХХК-ын удирдлагуудтай хамтарч ажиллах бөгөөд жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын санг Монголд үүсгэн байгуулах төлөвлөгөө боловсруулах гэж байна.
“ИТГИ-ийн Дэлхийн Залуу Удирдагчид Хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнесийн удирдагчдад өнөөгийн хөгжилтэй холбоотой бэрхшээлийг даван туулах үр дүнтэй шийдлүүд олох боломж олгож байгаа юм. Хурдацтай хөгжихийн зэрэгцээ хүчирхэг удирдагчид болон шинэ сэтгэлгээг шаардсан олон бэрхшээлтэй нүүр тулж байгаа Монгол орны хувьд энэ төсөл нь цаг хугацааны хувьд тохиромжтой үйл явдал болж байна. Бид хөтөлбөрт оролцогч залуустай хамтран энэ чухал төсөл дээр ажиллах болсондоо баяртай байна,” гэж ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал М. Болд хэллээ.
Хөтөлбөрт оролцогчид Монгол орны ойрын болон дунд хугацааны хөгжлийн төлөв хандлагыг ойлгох зорилгоор Улаанбаатарт болон үүний ойр орчимд бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, ба хөрөнгө оруулагч болох боломжтой байгууллагуудтай уулзаж нэг долоо хоногийг өнгөрөөх болно. Мөн тэд Монгол улсын өөрчлөлтөд нөлөөлж буй дэлхийн хамгийн том алт болон зэсийн уурхайн нэг болох Оюу Толгой компанитай танилцах болно. Оролцогчид өөрсдийнхөө бизнесийн мэдлэг ухаан болон уулзаж ярилцсан байгууллага, бизнес эрхлэгчдээс хуримтлуулсан мэдээллийн дагуу төсөлд зориулсан хөрөнгийн эх үүсвэр бий болгох санал, хөрөнгө оруулалтын тогтмол сувгийг тодорхойлсон төлөвлөгөө, үнэлгээний нөхцөл болон үр дүнг нь хэмжих төлөвлөгөө боловсруулан гаргана.
Монгол улс байгалийн баялаг болон сүүлийн үед гаргаж байгаа ер бусын өсөлтөөрөө дэлхий даяар улам танигдаж байгаа хэдий ч хөрөнгө оруулах боломжууд өөрчлөгдөж байна. Уул уурхайн салбар ДНБ-ий өсөлтийн дийлэнх хувийг эзэлж байгаа ба энэ өсөлтийг дагаж хөгжих дотоодын олон нийлүүлэгч компани бий болох боломж байгаа. Гэвч зээлийн хүү өндөр, хугацаа богино болон хөрөнгийн зах зээлд гарах боломж хязгаарлагдмал байгаа нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоогийн санхүүжилтийн орчинг маш таагүй болгоод байгаа юм.ЖДҮ-үүдийг санхүүгийн түншүүдтэй холбож санхүүжилтийн асуудлыг шийдсэнээр Монгол улсын хөгжилд туслах чухал алхам болох ба хөрөнгө оруулагчдад ч ашигтай боломжуудыг авчрах болно.
Хөтөлбөрт оролцогчид нь Монгол, Япон, Сингапур, Малайз, Индонейз, Хятад, Австрали, Энэтхэг, Канад, Англи, АНУ гэсэн 11 орноос ирж байгаагаараа тун онцлог юм. Гучин оролцогчдийн 6 нь Монгол орноос оролцож байгаа ба эдгээр нь ХасБанк, Оюу Толгой ХХК, Сангийн яам, Монет Капитал, мөн Интер групп зэрэг томоохон компаниудын удирдах албан тушаалтай хүмүүс юм.
“Энэ бол олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр хийгдэж байгаа анхдагч төсөл бөгөөд Монгол улсад энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх суурийг тавьж байгаа юм. Энэхүү төслийн зорилго нь Монгол улсын огцом өсөлт ба эдийн засгийн хөгжилийн үед дотоодын бизнесүүдэд амжилт гаргахад туслахуйц хангалттай санхүүжилтийг олгох тогтвортой загвар бий болгох юм. Оролцогчид эрчимтэй хөгжиж өөрчлөгдөж байгаа Монгол орны хүмүүс болон бизнесийн салбарынхантай уулзаж үндэсний болон дэлхийн хэмжээний өөрчлөлт болон бусад хүчин зүйлүүдтэй ойр байснаар шинэ ойлголттой болж туршлагаа улам баяжуулах онцгой боломжтой болж байгаа юм,” гэж ИТГИ-ийн захирал Эрик Страйсон тайлбарлалаа.
Ирээдүйн төлөөх Глобал Институци нь даяаршлагдаж байгаа ертөнц дэх өөрчлөгдөн буй төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн процесс, Өрнөөс Дорно руу шилжиж буй эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг ойлгуулах мөн даяаршлагдан буй капитализмийг шинэчлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бие даасан Пан-Азийн судалгаа шинжилгээний байгууллага юм. Тус байгууллагын Young Leaders Program нь /ДЗУХ/ оролцогчдоо даяарчлагдаж буй ертөнц дэх бизнесийн нийгмийн хариуцлагыг ойлгон, өндөр ухамсарласны үндсэн дээр, төр болон хувийн салбарт явуулж буй үйл ажиллагаагаа үр ашигтайгаар удирдан зохион байгуулж, улс орноо тэргүүлж явах ирээдүйн удирдагчдыг бэлтгэн төрүүлэх зорилготой юм. www.global-inst.com.
ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь анхны ББСБ бөгөөд 1999 онд байгуулагдсан. Тус нэгдэлд ХасБанк, Хас Лизинг, Хас Секюрити, ТэнГэр Даатгал, ТэнГэр Солюшнс, ТэнГэр Капитал компаниуд харъяалагддаг бөгөөд хэрэглэгчдийг найдвартай, олон сонголттой санхүүгийн үйлчилгээгээр хангах зорилго тавин ажиллаж байна. www.tengerfinancialgroup.com
ХасБанк нь Монгол улсын тэргүүлэгч банкны нэг бөгөөд бичил, жижиг дунд болон байгууллагын харилцагч нартаа банкны цогц үйлчилгээг орон даяар байрших 100 гаруй салбар нэгжээрээ дамжуулан хүргэж байна. www.xacbank.mn
Фронтиер ХХК нь 2007 онд байгуулагдсан 100 хувь Японы хөрөнгө оруулалттай компани бөгөөд андеррайтэр, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулж байна. www.frontier.mn.