Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


2011 оны ээлжит хувь нийлүүлэгчдийн хурал дээр ТУЗ-ын дарга Ч. ГАНБОЛД-ын хэлсэн үг

Хүндэт Хувьцаа Эзэмшигчдээ,

Өнгөрсөн жилийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас хойш нэг жил өнгөрч, жил бүр тохиодог энэ чухал үйл явдлын үеэр дахин уулзах цаг болжээ. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны Хувьцаа эзэмшигчдийн 2011 оны хамтарсан ээлжит хуралд оролцож буй та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөөс 2011 оны тайлан танилцуулах нь миний хувьд том хүндэтгэл хийгээд боломж юм.

Манай өсөлт болон амжилтууд үргэлжилсээр байгаа ба 2011 он ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хувьд онцгой жил байлаа. Одоогоос яг 10 жилийн өмнө, тухайн үед бидний цорын ганц хөрөнгө оруулалт байсан ХасБанк банкны лицензээ авч, жижиг бизнес болон санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй байсан хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлэх чиглэлээр арилжааны банкны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр ХасБанк нь манай манлайлал болсон төдийгүй Монголын банкны секторын 4 дэх том банк болоод байна. Энэ хугацааны турш, нэгдэлийн маань өсөлт хөгжилт банкны салбараар зогссонгүй. Бид одоо улсдаа анхны олон улсын хөрөнгө оруулалттай, лизинг, даатгал, брокер, банкны мэдээллийн технологи болон хамгаалалтын алба зэрэг хурдацтай өсөж буй компаниудаас бүрдсэн олон төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг групп болоод байна.

Би Төлөөлөн Удирдах Зөвлөлийн өмнөөс өнгөрсөн жилээс шинээр томилогдсон ХасБанкны гүйцэтгэх захирал Дүгэрсүрэнгийн Бат-Очирт болон 10 жилийн ойтойгоо золгосон банкны гайхалтай хамт олонд баяр хүргэж, 2011 оныг онцгой амжилттай жил болгож шаргуу хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гарган ажилласанд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Гүйцэтгэх захирлаар ажилласан анхны жилдээ банкыг сайн удирдан амжилттай зохион байгуулж, хувьцаа эзэмшигчгид болон ТУЗ-ын гишүүдийн тогтоосон стратегийн удирдамжийн дагуу ХасБанкны үйл ажиллагааг илүү өндөрт гаргаж, гүйцэтгэлийн гол зорилтууддаа хүрч ажиллан банкны секторын томоохон өрсөлдөгч нартай харьцуулахуйц өсөлтийг тогтмол гаргаж байгаа Бат-Очир онцгой талархал магтаалыг хүлээх ёстой. Би групп компаниудын ахлах удирлагуудад 2011 онд хийж бүтээсэн бүхнийх нь төлөө баяр хүргэж байна.

Би өөрийн зүгээс болон ТУЗ-ын өмнөөс нийт хувь нийлүүлэгчдийнхээ байнгын дэмжлэг, , зөвлөлийн гишүүдийнхээ оролцоо болон идэвхи зүтгэлд нь чин сэтгэлээсээ талархаж байна.

Өнгөрсөн жил группын нийт хөрөнгийн хэмжээ 837.9 тэр бум төгрөгт хүрч өнгөрсөн жилээс 76.4 хувиар, нийт цэвэр ашгийн хэмжээ 12.7 тэр бум төгрөгт хүрч өмнөх жилээс 89.4 хувиар өссөнийг тайлагнахад таатай байна. Группын өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх жилийн 18.6 хувьтай харьцуулбал 20.3% хүрч өссөн. Нэгж хувьцааны үнэ 6,097.23 төгрөгт хүрсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 42.8 хувиар өссөн байна.

2011 оны дундаас эхэлсэн гадаад хүчин зүйлүүдээс үүссэн томоохон бэрхшээлүүд байсан хэдий ч, манай группын хамгийн том компани болох ХасБанкны нийт хөрөнгийн хэмжээ 818 тэр бум төгрөгт хүрч, 2010 онтой харьцуулахад 75 хувиар өссөн байна. Банкны нийт орлого 12.1 тэр бум төгрөгт хүрч, 2010 онтой харьцуулахад 87 хувиар тус тус өсч, өөрийн хөрөнгийн өгөөж 20 гаруй хувьт хүрсэн байна. ХасБанк жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн зорилгодоо хүрээд зогсохгүй зах зээлд эзлэх хувиа тэлж, өрсөлдөх байр сууриа сайжруулж, үйл ажиллагааныхаа бүтээмжийг нэмэгдүүлж, мөн борлуулалтын суваг ба сүлжээгээ сайжруулсан.

Хас Лизинг бас дутуугүй амжилттай байлаа. Нийт хөрөнгийн хэмжээ 18 тэр бум төгрөгт хүрсэн ба 2010 оноос хойш 3 дахин өсөж, цэвэр ашиг 393 сая төгрөгт хүрч 2010 оноос 63 хувиар өссөн байна.

ТэнГэр Даатгал бас онцгой талархал хүлээх ёстой. Саяхан л энэ компанийн цааш оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй байсныг та бүхэн санаж байгаа. Өнөөдөр, ТэнГэр Даатгал нь хамгийн том даатгалын компаниудын 4 дахь нь ба нийт хөрөнгийн хэмжээ 5.8 тэр бум төгрөг, нийт орлого 660 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 76 хувиар өсч, өөрийн хөрөнгийн өгөөж 35 хувьд хүрсэн.

2011 онд бид бизнесдээ цаашдын өргөтгөл хийсэн. ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ТУЗ, хувьцаа эзэмшигчид нэгэн чухал ач холбогдолтой шийдвэр гаргасан нь БНХАУ-ын Шинжан мужид байрлалтай ТианРон хэмээх бичил санхүүгийн компанийг шинээр зохион байгуулж, хөрөнгө оруулах явдал байлаа. Үүгээр дамжуулан БНХАУ-ын эдийн засгийн хөгжил дээр тулгуурлан хөрөнгө босгох, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага цөөн байдаг Шинжан мужид бичил санхүүгийн чиглэлээр ХасБанкны нэрийг олонд таниулах боломжтой. Энэхүү бичил санхүүгийн байгууллага 2012 он гэхэд үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэлтэй байна.

Өөр нэгэн шинэ компани бол брокерийн компани ТэнГэр Капитал юм. Энэ компани нь Монголын иргэдэд Уул уурхайн салбараас ирэх хувь болон эх орны хишгээ уул уурхайн компанийн хувьцаанд оруулж байрлуулахад тусалдаг.

Нэгдлийн ажилчдын тоо анх удаа 1,600-д хүрсэн.

2011 онд Группын хэмжээнд эрсдэлийн удирдлага, хөрөнгө босголт ба зарцуулалт, санхүүгийн төлөвлөлт ба удирдлага, хуулийн биелэлт ба байгууллагын засаглал, хүний нөөцийн удирдлага ба ажиллах хүч бий болгох нэгдсэн ажлууд явагдсан ба дээрх үйл ажиллагаануудыг толгойлж, группын нийт компаниудын дунд нэгдсэн удирдлага болон хамтын ажиллагаагаар хангах зорилготой мэргэжлийн чадвардаг баг группын хэмжээнд байгуулагдсан.

Байгууллагын засаглалд цаашдын ахиц гарсаныг бид харсан. Бид нээлттэй болон ил тод байдал, байгаль орчинд болон үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор багц бодлого ба дүрэм журам гаргасан. Бид байгууллагын засаглалын ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан, байгууллагын засаглалдаа том ахиц гаргаж, шилдэг засаглалын хувьд нэг түвшин ахиж байгааг танилцуулахад таатай байна.

Бид ТУЗ-ын хороодыг хүчирхэгжүүлсэн. Группээс хийж буй үргэлжилсэн өргөжилт ба хөрөнгө оруулалттай холбогдуулан группын хэмжээнд хөрөнгө оруулалтын саналыг хянаж, санал зөвлөгөө өгдөг шинэ хөрөнгө оруулалтын хороо байгуулагдан ажиллаж байна. Эрсдлийн удирдлагын хороо нь Группын компаниудад эрсдэлтэй холбоотой зүйлүүд дээр удирдамж ба зөвлөгөө өгөх зорилготойгоор байгуулагдсан. Уг хороо нь ТэнГэр группын удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг ба охин компаниудын эрсдэлийн мэргэжилтнүүдээс бүрддэг. Эдгээр үндсэн ажлуудыг Группын хэмжээнд нэгтгэж, ахлах дотоод аудитороо группын хэмжээнд ажиллуулсанаар дотоод хяналт маань үүнийг дагаад сайжирч байгаа юм.

Манай ТУЗ удирдан чиглүүлэх үүргээ үргэлжлүүлэн биелүүлсээр байна. 2003 оноос хойш үйлчилсэн Жим Андерсон өөр ажил авсантай холбогдуулан үүргээсээ чөлөөлөгдсөн. Жим манай группын өсөлт хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж энэ олон жилийн турш ТУЗ-д болон удирдлагуудад үзүүлсэн дэмжлэгт нь талархаж байна.

Системийн нөлөөлөл бүхий өсөлт, хөгжил нь олонд танигдах, санхүүгийн ашиг, амжилтаас гадна хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсад, ажилчид, болон салбарын зохицуулагч байгууллагуудын өмнө хүлээсэн асар их үүрэг хариуцлагыг авчирдаг бөгөөд бид энэ олсон бүхнээсээ ухрах эрхгүй. Бидний өмнө амжилт дүүрэн жилүүд, гэрэлтэй боломжууд байна. Өрсөлдөөнд ялан гарч, энэ боломжуудыг ашиглан хувьцаа эзэмшигчид, компанийхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөн Эх Дэлхий, Эрдэнэт Хүмүүн, Эрүүл ашиг гэсэн эрхэм зорилгодоо үнэнч үлдэхийн тулд ухаалаг стратегийн бодлого шийдвэр, самбаа, бүтээлч ба шийдэмгий байдал шаардагдах болно. Бид 2012 онд амжилтаа бататган сайжруулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Бидэнд олон улсын тогтвортой хувьцаа эзэмшигчид, ухаалаг бас чадварлаг удирдах зөвлөл байна. Манай нэгдлийн бүх компаниудад хүчтэй удирдах багууд, шилдэг мэргэжлийн залуу ажиллах хүчин байна. Үүнээс чухал зүйл бол ирэх арван жилд бидний өсөлт болон стратегийг толорхойлох сайн засаглал болон удирдлагын туршлага бидэнд байгаа.

Та бүгдэд амжилт хүсч үр дүнтэй, өгөөжтэй хуралдахыг хүсье.

Баярлалаа!