
Мүүдиз ХасБанкинд Тогтвортой Үнэлгээг Дахин Олгов
Олон улсын санхүүгийн үнэлгээний Мүүдиз Инвесторс Сервис байгууллага санхүүгийн салбарт тогтвортой хөгжил, эрсдлийн удирдлагаар тэргүүлж ирсэн ХасБанкны урт хугацааны зээлжих зэрэглэлийн Ba3 үнэлгээ болон урт хугацааны ТОГТВОРТОЙ гэсэн хандлагыг дахин баталгаажуулсан үнэлгээний дүгнэлтийг гаргалаа.
ХасБанк нь ийнхүү хоёр жил дараалан Ba3 гэсэн үнэлгээг авч байгаа бөгөөд энэхүү үнэлгээ нь Монгол улсын B1 хэмээх үнэлгээнээс нэг шатлалаар давуу үзүүлэлт бөгөөд энэ нь тус банкны өсөн нэмэгдэж буй зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, тогвортой сайжирч байгаа зээлийн багцийн чанар болон хэд хэдэн удаа дүрмийн сангаа нэмэгдүүлснээр хурдтай нэмэгдэж байгаа өөрийн хөрөнгийн хүрэлцээ зэрэгтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Мөн ХасБанкны гадаад валютаар хөрөнгө татан төвлөрүүлэх зэрэглэлийг B2 ТОГТВОРТОЙ, төгрөгөөр хөрөнгө татан төвлөрүүлэх зэрэглэлийг “Ba3” ТОГТВОРТОЙ гэж тус тус үнэлсэн байна.
Банкны зээлийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй уялдан 2011 онд цэвэр хүүгийн орлогын өсөлт өндөр гарсан бол Эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотойгоор зээлийн хураамж шимтгэл зэрэг гол гол шимтгэлийн орлогууд, хөрөнгө оруулалт болон валютын арилжаа ханшийн тэгшитгэлийн орлогууд хоёр дахин нэмэгджээ.
Үүнээс гадна, ХасБанк нь зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлж, активийн чанар болон өсөлтөөр системийн хэмжээний банкинд зүй ёсоор тооцогдох болсон бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө бий болгож чадсан нэр хүнд, тэдний дэмжлэг, өөрийн хөрөнгийн өндөр хувь хэмжээ зэрэг нь тус банкны гол давуу тал болж байгаа тухай Мүүдиз онцлон тэмдэлсэн байна.
ХасБанк нь 2008 оноос хойш Мүүдиз болон Фитч олон улсын үнэлгээний байгуллагуудаар хөндлөнгийн үнэлгээ гаргуулж ирсэн бөгөөд энэхүү ТОГТВОРТОЙ гэсэн үнэлгээг дахин баталгаажуулж байгаа нь Банкны өөрийн хөрөнгийн өсөлт болон зээлийн чанарын тогтвортой үзүүлэлт, компанийн засаглал, нэгдсэн эрсдлийн удирдлагаар тэргүүлэгч Банк болохыг улам бататгаж байгаа юм.