ХасБанк Хоёрдогч Эх Үүсвэрээ Нэмэгдүүллээ
ХасБанк нь Нидерланд улсын Хөгжлийн Сангаас 15 сая долларын 2 дугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөнд тооцогдох зээлийг хүлээн авч Монголбанкинд албан ёсоор бүртгүүллээ.
Энэхүү эх үүсвэр бүртгэгдснээр ХасБанкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 16 орчим хувьд хүрч байгаа ба нэмэлт 21.8 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүртгэгдснээр энэ үзүүлэлт 19 хувиас их буюу нийт банкны системд өөрийн хөрөнгийн хүрэлцээгээр хамгийн өндөр хувиар хангаж байгаа банк болох юм.
Ийнхүү банк өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ нэмэгдүүлснээр банкны эрсдэл даах чадвар, харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийн хамгаалалт, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэмэгдэх ба цаашид банкны үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломж нэмэгдэж байна.
ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д. Бат-Очир энэхүү үйл явдлын талаар "Нидерланд улсын хөгжлийн банк нь эртнээс ХасБанкны нийгмийн хариуцлагатай тогтвортой үйл ажиллагааг сүүлийн 5 жил дэмжиж ирсэн ба энэ удаа ч ХасБанкны найдвартай ажиллагаанд өндөр үнэлэлт өгөн хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөнд тооцогдох 15 сая ам долларын санхүүжилтийг өглөө. Энэ санхүүжилт нь зөвхөн ХасБанкны төдийгүй Монгол улсын санхүүгийн салбарын эрсдэл даах үзүүлэлтэнд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой юм. Цаашид ч ХасБанк нь энэ байгууллагаас үзүүлж байгаа өндөр итгэл, хариуцлагыг нэр төртэй даан ажиллаж нийт Монгол улсын иргэд, байгууллагуудад санхүүгийн үйлчилгээгээ улам бүр ая тухтай, найдвартай үзүүлэн ажиллах болно." гэж цохон тэмдэглэлээ.
САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ
Зөв Банк. ХасБанк
ХасБанкны тухай
ХасБанк нь өөрийн 91 гаруй салбар, нэгж 1,300 ажиллагсадаараа дамжуулан Монгол Улс даяар санхүүгийн хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэдэг Монгол Улсын томоохон банкуудын билээ. ХасБанк нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсад иргэд, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэх, урт хугацааны санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэхэд зориулан нийт 890 гаруй сая ам.долларын санхүүжилтыг олон улсын санхүүгийн 30-аад байгууллагаас татан төвлөрүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татахад томоохон хувь нэмэр оруулж буй байгууллага юм.