
З.Булган: Амжилтанд Хөтлөх Зөв Шийдлийг ХасБанкаас хүргэнэ.
Уул уурхайн томоохон орд газрууд ашиглалтанд орохтой зэргэцэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгөний хэрэгцээ, шаардлага ихсэж байна. Гэвч өнөөгийн нөхцөлд дан ганц хувийн хөрөнгөөр үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэн явуулах бололцоотой аж ахуйн нэгж тэр болгон байдаггүй учраас банкны энэ төрлийн зээл эрэлттэй байх болжээ. Бид Монгол Улсын дөрөв дэх том банк, 400 мянган гаруй харилцагчтай ХасБанкны Жижиг Дунд Бизнесийн Банкны хэлтсийн захирал З.Булгантай энэ талаар уулзаж ярилцлаа.
- Сүүлийн үед манай улсын эдийн засаг өсөж, ДНБ-н хэмжээ ч нэмэгдэж буй нь жижиг, дунд үйлдвэрлэлийг цаашид өргөтгөх, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад хөтөлж байна. Яг одоогийн нөхцөл байдалд банкуудын ЖДҮ-ийн зээлийн эрэлт ихсэж байгаа. ХасБанкны хувьд энэ төрлийн зээлийн үйлчилгээ ямар төвшинд байна вэ?
-Манай банк байгуулагдсан цагаас жижиг, дунд, том хэмжээний зээл олгож байна. Таны хэлсэнчлэн бизнесийн болон бусад төрлийн зээлийн эрэлт хэрэгцээ сүүлийн жилд эрс нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийн өсөлт, төрөөс барьж буй бодлогын үр дүн болон банкуудын үйл ажиллагааны өсөлт, өргөжилттэй холбоотой болов уу. ХасБанкны хувьд 86 салбар нэгжээрээ дамжуулан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үйлчилгээгээ хүргэж, орон нутгийн болон Улаанбаатарын хотын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж ирсэн. Манай банкны зээлийн үйлчилгээний гол онцлог нь урт хугацаатай бөгөөд хөрөнгө оруулалтын зээлийг найм хүртэл, эргэлтийн хөрөнгийн зээлийг гурав хүртэлх жилийн хугацаатай олгож байна. Хугацаа урт байх нь зээлийг богино хугацаанд төлөх ёстой гэсэн дарамтаас чөлөөлж, өөрийн бизнесийг удирдахад илүү их анхаарч, үр ашигтай ажиллах боломж олгож байгаагаараа давуу талтай. Бидний баримталж буй нэг гол зарчим гэвэл зөвхөн зээл гэлтгүй банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдад хүргэхийг эрмэлзэн ажилладаг.
-Банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэгт юу багтах вэ?
- Үүнд мөнгөн хөрөнгөө удирдахад шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ, нөхцөл боломжуудаас эхлэн зээлээс бусад санхүүгийн хэрэгцээг хангах үйлчилгээ тухайлбал худалдааны санхүүжилтийн хэрэгслүүд болон ажиллагсдын ажлын сэтгэл ханамж тогтвортой байдалд туслах цалингийн болон хэрэглээний зээл гэхчлэн олон үйлчилгээ бий. Хамгийн гол нь бид үйлчилгээгээ багцлан санал болгож байгаагаараа онцлогтой.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хувьд төрлөөсөө хамаарч хэдий хэр хэмжээний мөнгө зээлдүүлэх боломжтой байдаг бол? ХасБанк 2001 оноос эхлэн энэ төрлийн зээлийн үйлчилгээ явуулж эхэлсэн гэл ээ. Энэ хугацаанд харилцагчид ямар төрлийн зээлийн үйлчилгээ авахыг илүүд үзэж байна. Манай нөхцөлд хамгийн тохирсон зээл ямөр төвшнийх байна вэ?
- ХасБанк бизнесийн мөчлөг болон хөгжлийн үе шатанд тохирсон зээлүүдийг санал болгодог. Одоогоор нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 5 хүртэлх тэрбум төгрөг байна. Энэ хэмжээ цаашид өөрийн хөрөнгийн хэмжээнээс хамааран өсч байх юм. Хэрэв үүнээс илүү мөнгө хэрэгтэй гэж үзвэл хамтын санхүүжилт буюу зээлийн синдикатыг хэрэгжүүлж болох бөгөөд бид үүнийг дотоодын банкууд болон гадаадын санхүүгийн байгууллагуудтай хамтран хийх боломжтой. Тухайлбал бид саяхан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтын санхүүжилт хэрэгжүүлэхээр хамтран ажиллах зөвшилцөлд хүрч, гэрээ байгуулах шатандаа явж байна.
-Зээлийн төрлүүдийн хувьд эргэлтийн хөрөнгийн зээл, бизнесээ өргөжүүлэх хөгжүүлэх, давхар шинээр бизнес эрхлэхэд зориулан хөрөнгө оруулалтын зээлүүдийг олгож байна. ХасБанкны зээлийн шугам бол улирлын чанартай бизнесийн эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг шийдэх хамгийн тохиромжтой зээлийн хэлбэр юм. Энэ нь хэрэгтэй үедээ зээлээ авч, боломжтой үедээ эргүүлэн төлөх, дахин зээлдэх буюу эргэлдэх байдлаар явагддаг онцлогтой.
-Өнөөдрийн нөхцөлд монголчуудын зээлжих соёл ямар төвшинд байна вэ? Манайхан зээл авахаас эмээдэг, санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сул байсан гэх шалтгууд бий шүү дээ.
- Банкуудын найдвартай байдлыг тухайн байгууллагын ил тод байдал, удирдлагын ур чадвар, компанийн засаглал, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаар нь тодорхойлж болох юм. ХасБанкны хувьд олон жилийн тогтвортой ашигтай үйл ажиллагаагаар бүрэлдэн тогтсон байгууллагын засаглал, шинийг эрэлхийлэгч чадварлаг удирдлага, гадаад дотоодын нэр хүнд, туршлага бүхий хөрөнгө оруулагчидтай. Мөн банкны системд хамгийн бага эрсдэлтэй зээлийн багцтай байгаа бөгөөд Монголчууд зээлээ төлдөг гэсэн уриаг анх зах зээлд гаргаж ирж байсан удаатай. Олон улсын хөндлөнгийн үнэлгээний Фитч Рэйтингс байгууллагаас манай банкийг “B” буюу тогтвортой гэж үнэлсэн байгаа.
- Харилцагчдын банкны талаарх мэдлэг туршлага ихээхэн сайжирсан. Зээл авахын тулд ямар материал бүрдүүлэх вэ, төслийн судалгааны тооцоолол гэхэд юу хийсэн байх ёстой вэ гэдгээ сайн мэддэг болсон. Төслийн болон санхүүгийн менежментийн сургалтуудыг төрөл бүрийн байгууллагуудаас жижиг дунд бизнес эрхлэгчдэд хийж байгаа. Нөгөө талаас хүмүүсийн санхүүгийн сахилга бат хариуцлага сайжирч байгаа гэж харж байна.
-Худалдааны санхүүжилтийг хүмүүс их сонирхох болж. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ танай банкинд бий юү?
-Худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн гэдэг нь гадаад худалдаа эрхэлдэг компаниудад зориулсан үйлчилгээ юм. Үүнд дотоод, гадаадын баталгаа, аккредитивүүд хамаарах ба худалдааныхаа гэрээ хэлэлцээр, хамтран хийж буй бизнесийн гэрээнээс хамаарч нөхцөлүүд нь өөр өөр байна. Худалдааны үйл ажиллагаанд бараа нийлүүлж байгаа, худалдан авч байгаа хоёр талын нэг нь мөнгөө авч байж бараагаа шилжүүлэх, нөгөө нь бараа ачигдсны дараа мөнгөө шилжүүлэх хүсэлтэй байдаг. Энэ харилцаанд банк оролцсоноор барааны төлбөр найдвартай хийгдэх, бараа ачигдах нь тодорхой баталгаатай болно. ХасБанк саяхан Улаанбаатар хотын Хөрөнгө Оруулалтын Газартай хамтран ажиллах гэрээ байгуулаад тус газраас зарлаж буй тендерүүдэд оролцогч компаниудад ажлаа эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээл олгох, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргахаар хамтран ажиллаж байна.
-Уул уурхайн ордууд ашиглалтад орохтой зэргэцэн ханган нийлүүлэлтийн бизнес эрчимжих төлөвтэй байна. Үүнд зориулсан зээлийн үйлчилгээ гэж тусдаа байдаг уу?
-Манай банкны зорьж ажиллах бизнесүүдийн нэг нь уул уурхайн ханган нийлүүлэгч компаниуд. Эдгээр компаниудад бид зээл олгож хамтарч ажиллах, мөн банкны үйлчилгээг үзүүлэх тал дээр хамтарч байгаа. Энэ чиглэлийн зээлүүдийг ч олгож эхэлсэн.
- Танай банк гадаад дотоодын олон байгууллагуудтай хамтран ажилладаг гэсэн, ЖДБ-г санхүүжүүлэх чиглэлээр ямар байгууллагуудтай хамтарч байна вэ?
Жижиг дунд бизнес руу чиглэсэн төсөл хөтөлбөрийн хувьд хувьд бид Хүнс Хөдөө аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл, Японы улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын байгаль орчныг хамгаалах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл, Азийн хөгжлийн банкны хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил төслийн зээлүүд байна. Эдгээр нь урт хугацаатай, бага хүүтэй зээл авч бизнесээ өргөжүүлэх хөгжүүлэх боломжийг олгодог.
- Жижиг, дунд бизнесийг дэмжих зээлийн үйлчилгээ бусад банкуудад бий. Танай банк бусдаас юугаараа давуу байж, харилцагчид ХасБанкаар үйлчлүүлэх нь яагаад зөв бэ гэдгийг таниас асуумаар байна.
-Өмнө нь хэлсэнчлэн ХасБанк зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа санал болгохоос гадна санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж санхүүгийн зөвлөгөө өгч бизнест нь тохирсон шиийдэл, гарцыг санал болгодогоороо онцлог юм. Мөн бид тухайн бизнесийн мөчлөг болон хөгжлийн үе шатанд тохирсон зээлүүдийг санал болгодог, зээлийн хугацаа хамгийн урт, харилцаанд тулгуурласан үйлчилгээг салбар нэгж бизнес үйлчилгээний төвүүдээрээ дамжуулан хүргэдэг.
-Мөн банк харилцагч түүний түншүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Банк болон харилцагчийн хамтын ажиллагаа нь банкны үйлчилгээгээр зогсохгүй нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлуудыг хамтран хийх, сургалт зөвлөгөө үйлчилгээнд хамруулах зэрэг олон талт ажлууд хамаарна.