М.Болдoo: Үр дагавар биш УЧИР ШАЛТГААНТАЙ нь тэмцье

( 2017.12.04 )

Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болдooтой Монголын эдийн засаг, санхүүгийн систем, зээлийн хүүг бууруулах арга замын талаар ярилцлаа.

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг /жилийн 18 хувь/ хуулиар тогтоох асуудал эрчимтэй яригдаж эхэллээ. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна. Хуулиар дээд хязгаарыг тогтоосноор зээлийн хүү буурах уу?

-Зээлийн хүү хадгаламжийн хүүгээр тодорхойлогдож байна. Хадгаламж гэдэг нь иргэд, компаниудын мөнгөн хөрөнгө. Өнөөдөр Монголд мөнгөн хөрөнгө тийм л үнэтэй байна гэсэн үг.

Хувь хүн, компанийн хөрөнгө янз бүрийн хэлбэртэй байна. Тухайлбал бэлэн мөнгө, хувьцаа, приус машин, орон байр, зуслангийн байшин гэх мэт. Хүүн дээр хязгаарлалт тогтоох гэж байгаа бол энэ олон хөрөнгийн хэлбэрт үнэ тогтоох гэж буйтай адилхан гэж би хувьдаа үзнэ. Товчхондоо үнэ тогтоодог эдийн засаг, нийгмийн тогтолцоо руу эргэж буцах үзэгдэл, оролдлого явж байна гэж харж байгаа.

Өндөр хүү бол учир шалтгаан биш үр дагавар. Эдийн засаг, нийгэм, банк санхүүгийн тогтолцоо хүссэн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа учраас мөнгө үнэтэй болоод байна. Тэгэхээр учир шалтгаантай нь биш үр дагавартай нь тэмцэх гэж зүтгэх нь учир утгагүй зүйл.

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль гарсны дараа эдийн засаг, санхүүгийн системд ямар өөрчлөлт гарах бол?

-Зээлийн хүүд хязгаар тогтооно гэдэг нь хадгаламжийн хүүд хязгаар тогтоохтой адилхан. Банкны хөрөнгийн 90 хувь нь иргэд, компани, төр засгийн хадгаламжаас бүрддэг. Иргэд, компаниуд хүүгийн орлого олох гэж банканд мөнгөө хадгалуулдаг. Хүүгээс олох орлого нь багасахаар мөнгөн хөрөнгөө банкнаас эргүүлж татах үзэгдэл газар авна. Банкнаас татсан мөнгөн хөрөнгө сүүдрийн эдийн засгаар эргэлдэх, татвараас зайлсхийх, үүний улмаас төсвийн болон татварын орлого буурах, зээлийн үйлчилгээ хумигдах үзэгдэл гарна. Нөгөөтэйгүүр банкны зардал нэмэгдээд ашиг буурч байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол буурна. Тэгэхээр банкны салбараа татаж унагана гэсэн үг л дээ.

Зээлийн олдоц нэмэгдэх биш эсрэгээрээ саарах, хумигдах, мөнгөний эргэлт хяналтаас гадуур гарах үзэгдлийг хөөрөгдөх байх гэж харж байна.

-Банкуудыг хадгаламжаас гадна Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаас худалдан авч их хэмжээний ашиг олж байна гэх шүүмжлэл байгаа?

-Засгийн газар өндөр хүүтэй үнэт цаас гаргахаа хязгаарлах нь зүйтэй. Тэгвэл банкуудын үнэт цаас худалдаж авах сонирхол буурна. Үүнээс чөлөөлөгдсөн хөрөнгө нь иргэд, хувийн компаниудад зээл хэлбэрээр очих урсгал нэмэгдэнэ.

-Та зээлийн хүү бага байх ёстой гэдэгтэй санал нэгдэж байна уу?

-Зээлийн хүү бага байх ёстой гэдэгтэй 100 хувь санал нэг байна.

Хамгийн гол нь хүсэл чинь хяслаар хязгаарлагдаж байгаа шүү дээ. Хүү хэзээ бага байдаг вэ гэхээр эдийн засаг нь өөрөө өөрийгөө аваад явах чадвартай байх үед. Мөнгө газраас ургахгүй. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байж мөнгийг бий болгоно. Гэтэл Монгол Улс өөрөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээгээ гадаад, дотоодын хэрэглэгчдэд борлуулж мөнгө олж чадахгүй байна. Тэгэхээр эдийн засаг нь өөрөө орлого олж чаддаггүй учраас мөнгөний хомсдол бий болсон. Мөнгөний хомсдол бий болно гэдэг нь мөнгө үнэтэй байгаа гол шалтгаан. Жишээ нь талх тариа, мах хомсдвол үнэ нь өсдөг шиг мөнгө олдохгүй байгаа бол мөнгөний үнэ өсч л таарна.

Зээл, хадгаламжийн хүүг суурь асуудлуудаа шийдэж байж бууруулна. Бид эхлээд үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч улс орон болох ёстой.

-Ойрын хугацаанд зээлийн хүүг бууруулахад хийх боломжтой алхмуудын талаар саналаа хэлнэ үү?

-Ойрын хугацаанд гэвэл арилжааны банкуудын хамтран байгуулах гэж буй Зээлийн мэдээллийн санд Монголбанкнаас зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Энэ санд Монголын бүх хүн амын зээлийн зэрэглэлийг тогтоосон мэдээлэл бий болно. Зэрэглэл тогтоосноор тухайн хүн амын төлбөрийн сахилга батыг оноогоор үнэлж, аливаа төлбөрөө хугацаанд нь эргүүлж төлдөг хүмүүс бага хүүтэй зээл авдаг, төлбөрийн хуваарийг зөрчдөг зээлдэгчид өндөр хүүтэй зээл өгдөг байх тогтолцоо руу орох хэрэгтэй байна.

Нөгөө талаар төр засгийн бодлого, бизнес, хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Хувийн хэвшлийн бизнест хөндлөнгөөс хутгалддаг, захиргааны аргаар зохицуулах гэж оролддог явдлыг зогсоох ёстой. Тайван бизнесээ хийх орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна.

-Хас банкны бизнесийн зээлийн жилийн дундаж хүү хэд байгаа вэ?

-Зээлийн жилийн дундаж хүү 16-18 хувь байгаа. Хамгийн дээд талын хүү 24 хувь байна.

-Хамгийн дээд тал нь яагаад 24 хувь гэж тогтсон юм бэ?

-Бид сайн дураараа зээлийн хүүгээ хязгаарласан. Хоёрдугаарт үйл ажиллагаагаа илүү оновчтой, үр ашигтай явуулж, зээлдэгчдээ сайн сонгож, найдвартай үйлчлүүлэгчдэд зээл өгвөл 24 хувиас дээш хүүтэй байх шаардлагагүй гэж үзсэн юм.

Эх сурвалж: http://ikon.mn/n/15jy