ХасБанк “Шударга ёсыг бадраах сан”-ийн үйл ажиллагааг 10 дахь жилдээ дэмжин ажиллалаа

( 2017.11.30 )

Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга асан Дашдоржийн Бадраа агсны нэрэмжит оюутны тэтгэлэг гардуулах ёслол 11 дүгээр сарын 29-ний өдөр МУИС, Бизнесийн Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хичээлийн жилийн хувьд МУИС-ийн Бизнесийн сургууль болон СЭЗИС-ийн 2-4 курсийн 35 шилдэг оюутнууд шалгарч тэтгэлэгээ гардан авлаа. 

Тус тэтгэлгийг Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, нийгэмд шударга ёсыг түгээн дэлгэрүүлж бэхжүүлэх, ёс зүйтэй боловсон хүчнийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор түүний ойр дотны найз нөхөд, гэр бүл болон ажлын хамт олны төлөөллийн санаачлагаар анх 2006 онд байгуулсан “Шударга Ёсыг Бадраах Сан" ТББ ийнхүү арван нэг дэх жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд нийт давхардсан тоогоор МУИС болон СЭЗИС-ийн 235 оюутанд тэтгэлэг олгоод байна. 

ХасБанк уг сангийн үйл ажиллагааг 2007 оноос хойш тасралтгүй 10 жил дэмжин ажиллаж байгаа бөгөөд тэтгэлэгт хамрагдаж буй оюутнуудын санхүүгийн хэрэгцээг шийдэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна   оюутнуудын чадварыг дээшлүүлэх, ажлын анхны гараагаа сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор практик туршлагаасаа хуваалцах, оюутнуудыг дадлага хийлгэх зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар ирсэн билээ. Мөн түүнчлэн уг сангийн тэтгэлэгт оюутнууд сургуулиа төгсөөд ХасБанкинд зээлийн менежер, эрсдлийн менежер, аудитор зэрэг албан тушаалд амжилттай ажиллаж байна.

 

Цаашид тус Сантай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж оюутны хөгжил, нийгмийн сайн сайхан, компанийн засаглалыг хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.