ХасБанк АХБ, Зээлийн Батлан Даалтын Сантай хамтран ЖДБ эрхлэгчдийг дэмжинэ

( 2017.11.08 )

ХасБанк Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэгч банкаар шалгарч, уг хүрээнд хамтран ажиллах гэрээнд Зээлийн батлан даалтын сантай өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь банкнаас зээл авахад барьцаа хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ХасБанкнаас хямд өртөг бүхий батлан даалттай зээл авах боломж олгож байгаагаараа ач холбогдолтойн дээр эдийн засгийг төрөлжүүлэн уул уурхайн бус салбарын ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн талууд үзэж байгаа юм.

Гарын үсэг зурах ёслолд ХасБанкны Ерөнхий захиал Г.Амартүвшин, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал П.Чандмань, Азийн хөгжлийн банкны Зээлийн батлан даалтын сангийн төслийн удирдагч Б.Гантуяа нар оролцсон бөгөөд ХасБанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин энэ үеэр хэлсэн үгэндээ “Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт үргэлж хэрэгтэй байдаг. ХасБанк ч энэ хэрэгцээг хангаж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор гаднаас хямд өртөгтэй, урт хугацаатай эх үүсвэр татах чиглэлд амжилттай ажилласаар ирсэн. Үүний үр дүнд бид зээлийн хүүгээ сүүлийн хоёр жилд шат дараалан бууруулж, зах зээл дээрх хамгийн бага түвшинд тогтоосон төдийгүй хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл зэрэг илүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилтүүдийг олгож байна.” хэмээн онцолсон юм.

Зээлийн батлан даалтын сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жилийн 12-15 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай, 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг 60%-ийн батлан даалттайгаар авах боломж жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нээгдэж байна.

Бизнес эрхлэгч та ХасБанкны 1800-1888 дугаарын утсанд холбогдож уг төслийн зээлийн талаар мэдээлэл авах боломжтойгоос гадна өөрт ойр байрлах ХасБанкны аль ч салбар, тооцооны төвд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

Амьдралд – ашид хамтдаа.