“Global Finance” сэтгүүл ХасБанкийг Монгол улсын Шилдэг Банкаар дахин өргөмжиллөө

( 2017.10.17 )

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч, салбартаа тэргүүлэгч АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Global Finance сэтгүүлээс 2017 оны 3 дугаар сард дэлхийн шилдэг арилжааны банкуудыг шалгаруулахад ХасБанк 2017 оны Монгол улсын Шилдэг банкаар тодорсон.

Энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Вашингтон хотноо болж ХасБанк Монгол улсын Шилдэг банк шагналыг 3 дахь удаагаа гардан авлаа.

Global Finance сэтгүүл нь 1987 онд байгуулагдсан цагаасаа дэлхийн 180 оронд 50,000 гаруй тогтмол уншигчтай болсон бөгөөд дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг бүрдүүлдэг 8,000 орчим хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, үндэстэн дамнасан корпорациудад хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг хэвлэл юм.

Тус сэтгүүл шилдгүүдийг тодруулахдаа банк санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн өсөлт, ашигт ажиллагаа, стратегийн түншлэл, харилцагчийн үйлчилгээ, зөв үнийн бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн байдал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг. Энэ жилийн тухайд ХасБанкны 2009 оноос хойш олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагч нартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн суурь болсон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөрийн цар хүрээг илүү өргөтгөж, шинэ тутам бий болж буй сэргээгдэх эрчим хүчний салбарт чиглэсэн санхүүжилтээ илүү их нэмэгдүүлж энэ салбарт үр өгөөжтэй, урт хугацааны зээлийн хөтөлбөрийг бий болгож чадсан төдийгүй харилцагч, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хэрэглэснээр үйлдвэрлэлийн зардлаа бууруулан, бүтээмжээ өсгөж, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх боломж олгосныг илүү онцгойлон үнэлж, шилдэгээр өргөмжилжээ.

Мөн түүнчлэн ХасБанк байгаль орчин, нийгмийн хариуцлага, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх чиглэлд амжилттай ажилласаныг дурдсан байна.

Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа.