Ногоон Санхүүжилтийн анхдугаар чуулган болно

( 2017.08.30 )

Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд нийгэм, эдийн засгийн салбарыг нийцүүлэн хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэн, ногоон эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжихэд бүхий л улс орон, олон улсын байгууллагууд ихээхэн хүчин чармайлт тавин, хөрөнгө мөнгө зарцуулан ажиллаж буй энэ үед Монгол Улсад нэгэн чухал арга хэмжээ болох гэж байна.

ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сан, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Байгаль орчин, уур амьсгалын сантай хамтран “Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд зохион байгуулна.

“Боломжийг бодит болгоё” уриатай тус чуулган нь эрчим хүчний хэмнэлттэй болон сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахаар сонирхож буй иргэд, бизнесүүдэд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын дэмжлэг, олон улсын чиг хандлагыг таниулж, ногоон санхүүжилтийн шалгуур үзүүлэлтүүд, хэрхэн санхүүжилт авах талаар практик мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд ХасБанкны “Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр”, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд зориулагдсан зээлийн хөнгөлөлттэй нөхцөлүүдийг танилцуулж, иргэд, ААН-үүдэд туршлага солилцох боломж олгож байгаагаараа чухал ач холбогдолтойн дээр цаг үеэ олсон арга хэмжээ юм.

ХасБанк өнгөрсөн онд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болсноор Монгол Улсын Засгийн Газар, олон нийт болон хувийн хэвшлээс хэрэгжүүлэх байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдэд урт хугацаа, бага хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалт гаргах, компанийн өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх зэрэг таатай боломжууд нээгдсэн бөгөөд чуулганы үеэр мөн энэ хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг нийтэд танилцуулна.

Бизнес эрхлэгч та санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлөөр эрчим хүчний хэмнэлттэй болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлийн зардлаа бууруулан, бүтээмжээ өсгөж, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэхээр сонирхож байгаа бол тус чуулганд оролцохыг урьж байна.

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөр илэрч буй хамгийн том асуудал бол цөлжилт бөгөөд олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, зүйлийн бүрдэл нь хомсдож байна. Мөн байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж, улмаар хүн амын осол, эндэгдэл мэдэгдэхүйц өсөн нийгэм, эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд 2 дахин нэмэгджээ. Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг хадгалж үлдэх, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхэд төр засаг төдийгүй иргэд, байгууллага бүрийн оролцоо нэн чухал агаад ХасБанк энэхүү үйлсэд бодит хувь нэмэр оруулан манлайлан ажилласаар байх болно.

Амьдралд – ашид хамтдаа.