ХасБанк Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төгрөгийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа

2010 оны 6 дугаар сарын 30 ны өдөр ХасБанк Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас (“ЕСБХБ”) 8 сая ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Уг санхүүжилт нь ЕСБХБ-наас авч байгаа 2 дахь санхүүжилт бөгөөд үүний өмнө 2006 онд Монголын банк санхүүгийн байгууллагуудаас анх удаа ХасБанкинд 5 сая ам долларын 4 жилийн хугацаатай эх үүсвэр олгож байсан билээ.

 

Ийнхүү шинээр гэрээ байгуулж авч байгаа төгрөгийн эх үүсвэр нь 3 жилийн хугацаатай бөгөөд Монголын бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоороо онцлог юм.

 

ЕСБХБ-наас ХасБанкны үйл ажиллагааг дахин судалж үзсэний үндсэн дээр 2 дахь удаагаа урт хугацааны санхүүжилтийг төгрөгөөр олгож байгаа явдал нь ХасБанкны үйл ажиллагаа тогтвортой үр нөлөөтэй, амжилттай явагдаж байгаагийн илрэл бөгөөд 2 байгууллага хоорондын харилцаа улам эрчимжиж байгааг баталж байна.

 

ХасБанк нь Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт өөрийн 70 гаран салбар нэгжээрээ үйлчилгээгээ хүргэдэг Монголын тэргүүлэх бичил санхүүгийн байгууллага юм.

 

ЕСБХБ-ыг 61 орон Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын нэгдэл хамтран 1991 онд байгуулсан бөгөөд Европ, Баруун Балкан, болон төв Азид санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага юм.

 


Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд