МОНГОЛД БАЙДАГГҮЙ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХҮЙ

Тэртээ найман зууны тэр¬тээ Ираны газар нутаг Монголын Иль хант улсынх байлаа. Олтан улсын газар нутгийг ч монголчууд эзэлсэн нь түүхэн үнэн. Харин эзэлсэн нутаг бүртээ өөрийн гэсэн шинэ соёл иргэншлийг буй болгож, шинэ түүх бүтээж, цөөхөн монголчуу¬дын овог аймаг үүссээр байсан гэдэг. Харин өнөөдөр тэр газар нутаг нь харийнх болж. Гэвч тэндээс монгол гэж өөрсдийгөө тодотгох үндэстэн угсаатан цөөнгүй байгаа гэдгийг эрдэмтэд баталсаар ирсэн билээ. Тэрхүү харийн нутагт үлдэж хоцорсон мон¬голчууд маань өнөөдөр яаж амьдарч, хэрхэн өөрийн гэсэн үндэс, өв соёлоо хагалж үлдсэн тухай өгүүлсэн цуврал нэвтрүүлэг МҮОНТ-ээр гарч, өөрийн эрхгүй сонирхол татаж байгаа юм. Энэхүү нэвтрүүлгийг хийсэн “ТАСАМ” ТББ-ын захирал, соёл судлаач Ц.Санчирмаа болон ерөнхий ивээн тэтгэгч болсон ХасБанкны гүйцэтгэх дэд захирал Л.Төр-Од нартай уулзаж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Л.Төр-Од: Түүхээ залуу үедээ таниулья гэсэн эрмэлзлэл бидэнд байдаг
-ТОП-5 банкны нэгээр шалгарсанд баяр хүргэе. МҮХАҮТ-ын ТОП-д шалгаруулах нэг шалгуур нь нийгмийн хариуцлага. Энэ талаар яриагаа эхлэх үү?
Хасбанкны гүйцэтгэх дэд захирал Л.Төр –Од: Хасбанк бичил санхүү жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаараа ард түмэндээ илүү танигдаж байгаа байх. Тиймээс сүүлийн үед бид зөвхөн ашгийн төлөө бус эх дэлхий, эрдэнэт хүн, байгаль орчноо дээдэлсэн үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаа нийгмийн хөгжлийг урагшлуулах нь манай байгууллагын нэг зорилго. Хас бол харьцангүй залуу банк. Төрийн банкийг эс тооцвол. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хүрээнд 1998 оноос үйл ажиллагаа явуулсан. 2001 онд арилжааны банкны лиценз зөвшөөрөл авсан. Энэ жил ХасБанк Монголын Засгийн газар, МҮХАҮТ-аас жилд бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгж, ТОП-5 банкны нэгээр гурав дахь удаагаа шалгарлаа. Монголынхоо өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. Тиймээс бид эрдэнэт хүмүүн гэсэн эрхэм зорилгоо өмнөө тавьж Монголыг сурталчилья, нийгэм маань хэрхэн хөгжиж байна, өмнө нь ямар байсан, монголчуудынхаа үүх түүхийг залуу үедээ таниулья гэж зорьж байна.
-Яагаад заавал түүх гэж. Тэр тусмаа тархан суурьшсан монголчуудыг сонгосон нь сонин байна л даа?
-Учир нь, Хас бол олон хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчтай. Гэхдээ Монголын томоохон банкуудаас ялгарах нь монгол менежменттэй. 100 хувь монгол удирдлагатай. Монголчууд банк санхүүгийн байгууллагыг удирдаж чаддаг, бүр сайн удирдаж чаддаг гэдгийг нотолж байгаа банк. Тиймээс “ТАСАМ” байгууллагыг дэмжээд 13 дугаар зуунаас хойш дэлхий даяар тархан суурьшсан монголчуудынхаа тухай үнэн зөв мэдээлэл өгье гэж зорьсон. Аливаа нийгэм хөгжихдөө бид урагшаа л харж тэмүүлэх ёстой гэдэг ч түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа гэсэн үг бий. Өнгөрснөө мэддэг байж гэмээнэ түүхээсээ сургамж авч хөгжиж, өсч, дээшилдэг гэдэгт итгэдэг.
Ц.Санчирмаа: Монголчууд маань сэлмээ эргүүлээд морио унаж ирээд авна гэдэгт итгэж хүлээж байгаа монгол угсаатнууд ч бий
-”ТАСАМ” цуврал нэвтрүүлгийнхээ талаар товч танилцуулбал?
“ТАСАМ” ТББ-ын захирал Ц.Санчирмаа:
-Үндэсний телевизээр гарч байгаа “ТАСАМ “ буюу тархан суурьшсан монгол¬чуудын тухай өгүүлэх 12 цуврал нэвтрүүлгийг өнгөрсөн жилийн дөрвөн сараас эхлээд гуравдугаар сарын 25 хүртэл ислам шашинтай болоод коммунист нийгэмтэй улсуудаар явж хийлээ. Монголын байлдан дагуул¬лын үед өнөөгийн Монголоос тасарч Дундад Азиар тархан суурьшсан монголчуудын тухай нэвтрүүлгүүд. Бидэнтэй хамт ХасБанк байж, ивээн тэтгэгчээр ажилласан. “Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав” уриатай “ТАСАМ” цувралуудын маань хамгийн сор болсон нь Монголын эзэнт гүрний Иль хант улс буюу өнөөгийн Иран гэсэн гурван нэвтрүүлэг.
-Олон сонирхолтой баримт цуглуулсан гэж сонссон. Үүний заримаас нь манай уншигчдад сонирхуулаач?
-750 жилийн тэртээ Чингисийн хааны ач хүү Монголын Иль хан гэж өргөмжлөгдсөн Хүлэгү өнөөгийн хүчирхэг Иран улсыг 100 гаруй жил хаанчлах үеийг эхлүүлсэн юм. Энэ 100 жил өнөөгийн Ираны урлаг, соёл түүхэнд асар том шинэчлэл хийсэн аж. Харин өнөөдөр ч тус улсад Монго¬лын түүхтэй нягт холбогдох соёлын өв их байна. Монголын хаанд зориулсан том байгууламж, бунхан булш¬наас гадна музей бүрт нь Монголын хаадын хийлгэсэн зоос, шилэн шаазан эдлэл гээд л Монголын гэсэн олон дурсгал байгаа юм. Үүний дараа Цастайн монголчууд гээд 370 жилийн өмнө Монголоос тусгаар¬лагдсан ч хувцас хэрэглэл, яриа, зүс царай нь яг хэвээрээ байгаа 4000 хүний тухай нэвтрүүлэг бий. Харин дараагийнх нь Дунсиань гээд 800 жилийн өмнө Алтан улсыг дайлаар мордоход Хатун голын эрэг дээр үлдээсэн цэргүүдийн угсаа монгол¬чуудын тухай. 2002 онд л Дунсиань гэдэг энэ хүмүүс нийтэд ил болсон. Түүнээс өмнө хориотой бүс байж. Энэ үндэстнүүд өндөр уулын оройд амьдардаг, зөвхөн төмс л иддэг гээд л сонир¬холтой баримт олон бий.
-Судалгааны онцлог нь юу байв?
-Өнөөдрийн монголчуудыг морио унаад сэлмээ эргүүлээд л явж байгаа гэсэн ойлголттой, боловсролгүй гээд л янз бүрийн монгол угсаатны тухай баримт мэдээллийг монголын эх сурвалжуудаас илүүтэйгээр тэдний өөрсдийнх нь аман яриа, барууны эрдэмтдийн судалгаатай харьцуулж хийсэн нэвтрүүлгүүд. Яагаад гэвэл манай түүх олон жил өөрөөр бичигдсэн шүү дээ. Ираны түүхийг бид персээс англи, англиас орос, оросоос монгол гэж авсан байгаа. Иранд очиж Монголынхоо дурсгалуудыг үзчихээд хойд хөрш маань Монголын түүхийг хэтэрхий хүчирхэг байлгахыг хүсээгүй юм болов уу гэсэн бодол төрж байсан.
-Олон орон, олон сонирхолтой газраар явжээ. Ховор баримт цуглуулж. Харин цаашдын судалгааны тухайд?
-Иранд очихын тулд бид гурван жилийн турш судалж байж шийдсэн. Өлзийт хааны, Сорогтан бөхи хатны бунхан гээд л. Энэ бүхэн Иранд байна гэдэг үнэхээр шинэ баримт. Гэхдээ бид зөвхөн баримтаа дэлгэж байна, баталж нотлох нь мэргэжлийн байгууллагуудын л асуудал. Иль хант улсын анхны нийслэл нь Эрдэнэт шиг л жижигхэн Маруго гэдэг хот. Өнөөдөр Монголын түүхэнд энэ хот их цөөн дурдагддаг. Энэ хотод Хүлүгэ хааны зарлигаар баригдсан анхны одон орон судлалын туурь, тэр үед ашиглаж байсан багаж хэрэгслүүд бүгд бий. Энэ бол монголчууд дэлхий дээр зөвхөн байлдан дагуулж, устгаж сөнөөсөн бус асар их өв соёл, дэлхийн хэмжээний шинэчлэл, урлагийг бий болгосон гэдгийг л нотолж буй юм. Хас банк маань Монголын залуучуудад оюуны их хөрөнгө оруулалт хийсэнд баярлаж байна.
-Исламын шашны ертөнц их хаалттай байдаг. Дунсианийн монголчууд ч бас нэвтрэхэд хүндхэн ертөнц байж?
-Ираны хувьд бидний судалгаа эхэлж байхад гайгүй байсан л даа. Харин өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийнх нь сонгуулиас хойш олон улсын сэтгүүлчид, мэргэж¬лийн техникийг хилээрээ оруулахыг хориглосон. Биднийг виз эхлээд хүсэхэд татгалзсан хариу өгсөн. Харин Монголын Элчин сайд Очиржав гуай батлан даалт гаргаж өгсөн л дөө. Тэгээд нар жуулчны визээр орсон. Тиймээс удаан хүлээсэн учраас Ирандаа л түлхүү ажиллахыг хичээсэн. Гэхдээ Иранд очоод очсон хот бүртээ Монголын дурсгалтай, Хүлэгүгийн үеэс гэж хүн бүр мэддэг дурсгалуудыг хараад баярлаж байлаа. Харамсалтай нь, бүх дурсгалын тухай баримтууд перс хэл дээр байгаа учраас удахгүй Иранд суралцах гээд бэлдэж л байна. Дунсиань угсаатны хувьд 2002 оноос Хятадын эдийн засаг улс төрийн нээлттэй бүсэд орсон. Тэр болтол гадаадын судлаа¬чид огт ороогүй ертөнц байсан. 2002 онд манай судлаач Цэрэн Хятадад суралцахдаа Дунсиань гэдэг монгол угсаатан байгийг мэдсэн. Гэтэл үүнээс нэг мужийн цаана л Цагаан монголчууд, Цастын монголчууд гээд монгол угсаатнууд байсан.
4000 хүнтэй Цастын Монголд асрамжийн газар байна
-Тэндхийн монголчууд өнөөгийн Монгол Улсын тухай ямар мэдээлэлтэй байх юм?
-Үндэстэн бүр өөр өөр ойлголттой байдаг. Афганы хазарачууд гэхэд дайны хөлд байгаа хүмүүс юун монголчуудын тухай мэдэх манатай. Харин Шиньжааны ойрадууд, Цастайн монголчуудын хувьд мундаг боловсролтой хүмүүс учраас хангалттай мэдээлэл байсан. Харин Дунсиань, Цагаан монголчууд, Ёгорынхон гээд монголчууд буурай амьдралтай байсан. Дөрөвдүгээр анги төгссөн нь өндөр боловсролтойд тооцогдож багшилдаг. Тэгэхдээ 20 мянган төгрөгийн цалин авдаг жишээтэй. Тэр хүмүүсийн хувьд бол Монголын тухай мэдээлэл огт байхгүй. Гэхдээ бид долоон жилийн өмнө очихдоо л өнөөдрийн монголын тухай мэдээлэл хүргэж, дайн байлдаан олон зуун жилийн өмнө зогсч тусгаар улс, ийм хөгжил дэвшилтэй болсон гэж мэдээлэл өгсөн. Ганц удаа очоод тэдний тухай мэдээлнэ гэвэл өрөөсгөл. Олон удаа очиж байж мэдээлэл цуглуулж чадсан. Нэг тосгон л гэхэд ихдээ 20 мянга, зарим нь 200-300 хүнтэй. Нийтдээ 240 мянган хүн бий. Нэг тосгонд л яригдсан яриа асар хурдан тархдаг. “Монголчууд ирсэн байна. Гэхдээ биднийг авч явахгүй юм байна. Монголчууд асар их өөр болжээ” гээд л. Зарим үндэстэн маань бараг устахын даваан дээр байна. Харин үүнээс нь өмнө л зарим үндэстэн угсаатны онцлог, түүхийг баримтжуулж үлдээх хэрэгтэй. Долоо найман зуун жил тэссэн ч удахгүй устчих ч юм билүү.
-Ургийн бичгээ хөтлөөд аваад үлдсэн айл хэр олон байна. Бид яг монголчуудын удам угсаа шүү гэдгээ яаж батлаж байх юм бэ?
-Зарим угсаатны хувьд ямар ч бичиг үсэггүй байна. Харин зарим нь тод үсгээр тогтмол хэвлэл гаргаж байна. Бидэнд тэднээс суралцах юм их байна. Угсаатнууд маань зарим нь 13 үеийн түүхээ салбар салбараар нь бичсэн нь байна. Ер нь, эдгээр монгол угсаатан маань яаж үлдэж чадав аа гэхээр өвөг дээсийнхээ үлдсэн ургийн бичиг угсаа гарвалаа маш сайн хадгалж мэддэг учраас. Бид цуглуулсан мэдээ баримтаа нийтэд дэлгэж байгаа зорилго нь дотоодын мөргөлдөөн дайн самуунтай газар байгаа монголчуудаа хараад Мон¬голд байгаа ялангуяа, залуу¬чууд маань дэндүү эрх чөлөөтэй, тайван байна гэдгээ мэдрээсэй. Бидэнд амьдрал байна, хууль байна. Мөн Монго¬лоос гадна буй монголчууд л гэ¬хээр өвөрмонгол гэж ойлго¬дог. Гэтэл Хятадад 4.7 сая өвөрмонголтойгоо нийлээд нийтдээ 5.6 сая монгол угсаа¬тан байдаг. Өвөрмонголоос гадна байгаа сая 200 мянган монгол маань өөр өөр нэртэй, гарвалтай, зан аальтай байна. Ядаж нэрээр нь тэднийг ялгаж байхсан. Тэд 800 зуун жил биднийг хүлээж, Монголын төлөө цайны дээжээ өргөдөг, өдөр болгон дурсдаг, баяр болгоноор хуучилдаг гэдгийг мэдээсэй гэж хүссэн. Бас бахархмаар нь өдөр тутмын хэвлэлээ тод үсгээр гаргаж байгаа, айл бүр нь Жангарын тууль хайлдаг, товшуур хөгжимтэй нь ч байна. Тиймээс залуучууд маань угсаатнаа хадгалж үлдэхийн төлөө дэлхий дээр монгол гэдгээ¬рээ бахархаж, амьдрахын төлөө зүтгэж байгааг харж, үндэснийхээ онцлогийг амьдралынхаа хэв маягт жаахан ч гэсэн оруулаасай гэсэндээ нийтэд хүргэсэн.
-Зарим газар нь эцгийн эрхт ёс дэндүү ноёрхсон байсан гэж сонссон юм байна?
-Бас шууд тэгж хэлж болохгүй. Үндэстэн үндэстнээсээ шалтгаалж өөр байна. Зарим газар нь эрэгтэйчүүд бараг алга. Эмэгтэйчүүд нь бүх ажлаа хийж байна. Анжсандаа ороод газар хагалдаг. Гэтэл эрэгтэйчүүд архи уугаад л тоглоом хөөгөөд л явж байгаа хэсэг ч байна. Надтай уулзсан нэг монгол угсаатан маань “Монголчууд биднийг мэддэггүй байж болно. Гэхдээ бид Монгол гэдгээ мэдэрдэг учраас БНХАУ-д гуйлга гуйж амьдрахгүй ээ” гэж ярьсан. Бод доо, 4000 хүнтэй Цастын Монголд асрамжийн газар байна. 20 хүнтэй. Тэгээд асрах хүнгүй болсон нэгнээ 4000 хүнээсээ хандив цуглуулаад тэжээж сайхан амьдруулж байна.
Л.Төр-Од: Бидний өнөөдөр яриад байгаа тэр даяаршлыг 13 зуунд монголчууд бий болгочихсон
Л.Төр-Од: -Бид дотроо бухимдаад Монгол хэцүү байна, цалин мөнгө бага байна л гээд байдаг. Гэтэл залуу үе маань ямар тэмүүлэлтэй бахархалтай байх ёстой билээ, бид өөрсдийгөө хангалттай дайчилж ажиллаж, зовлон амссан билүү. Хамгийн наад зах нь, бид тусгаар тогтнолоо зарлачихаад байна. Гэтэл харийн харьяат болсон ч монгол үндэстэн гэдгээрээ бахархаад үндэс угсаагаа хадгалаад байгаа олон сая монгол байна. Тэднээсээ бид сургамж авах ёстой. Нөгөөтэйгүүр манай төр засгийнханд суралцах зүйл их байна. 13 дугаар зуунаас хойш монголчууд маань дэлхийгээр тархчихсан. Тиймээс бид дэлхийн хэмжээнд сэтгэж, тэр хэмжээгээр улс орныхоо бод¬логыг тодорхойлох хэрэгтэй юм шиг санагддаг. 13 дугаар зуунд бид Номхон далайгаас Хятад, Европ, газрын дундад тэнгис хүртэлх өргөн уудам нутгийг эзэлчихсэн, одоогийн яриад байгаа тэр даяаршлыг үнэхээр байгуулж чадсан байж. Бидний яриад байгаа дэлхийн худалдааны бай¬гуул¬лага, европын холбоо нэгдсэн мөнгөн тэмдэгт гэдгийг тэртээ 13 дугаар зуунд бий болгочихсон байлаа. Асар уудам нутагт зөвхөн монгол мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж, худалдааны эрх чөлөөг монголчууд бий болгож, давхар татваргүй, нэгдсэн мөнгөний бодлого гэдгийг монголчууд хэрэг¬жүүлж байж. Тиймээс бид тэр бүхнээс суралцаж дэлхийн хэмжээнд сэтгэж, ард түмэн төр засгаасаа мөнгө гуйгаад суугаад байх биш, төр засаг нь ч зүгээр л мөнгө тараадаг байдлаар биш, ард түмний хүсэл зорилго тэдний төлөө ажилладаг байх ёстой. Ард иргэд залуу үе маань өөрсдөө илүү санаачлагатай, идэвх зорилготой ажиллаж байж, Монгол улсын хөгжил ард иргэдийн маань амьдрал дээшлэх байх л даа. Хас банкны ивээн тэтгэж, “ТАСАМ”-ын хийсэн киноноос түүхээ эргэн харж, монголоос гадна амьдарч байгаа монголчууд маань хэрхэн яаж амьдарч байна, яаж амьдралын төлөө тэмцэж байна, Монгол гэсэн бахархал тэмүүллээ яаж хадгалж байна гэдгээс суралцаж, сургамж авч тэгээд урагшаа харж тэмүүлж хөгжил гэдгийг хамтдаа бүтээе гэсэн зорилготой.
-”Хас”-ынхан өөрсдөө их үндсэрхэг хүмүүс үү. Учир нь, Хас тэмдэг бол эртний монголынх, Тэнгэр гэдэг бас эртний Монголын шүтээн?
- Хас гэдэг маань нэг талдаа Хөгжлийн Алтан Сан гэдэг үгийн товчлол. Гэхдээ алт гэдэг металлыг бэлэгдсэндээ биш. Алтыг нийгмийн баялагтай зүйрлээд Хасбанк маань монголчуудын баялгийг бий болгох, бадруулах сан байгаасай гэсэн бэлэгдлийн үүднээс, нөгөөтэйгүүр ХАС бол монголчуудын эрхэмлэдэг хээ. Тасрашгүй байхын бэлгэдэл. Харин “Тэнгэр” санхүүгийн байгууллагын хувьд ингэж нэрлэхдээ монголчууд 13 дугаар зуунаас хойш тэнгэрийн ивээл дор эх дэлхийгээ шүтэн биширч, монгол угсаатан тэнгэрээс гаралтай гэдгийг бэлгэшээсэн. Мөн англиар тэн-гэр гэж галиглаад 10 гэр гэж хөрвүүлж болохоор байгаа юм. Энэ нь бүс нутагт тэлэх үйл ажиллагаа явуулж байна, доод тал нь 10 оронд өөрийнхөө үйл ажиллагаа явуулна гэсэн бэлгэдэлтэй.
Ц.Санчирмаа:Цагаан монголчууд цагаан сараараа л хонины мах идэж, гахайн махтай шөл уудаг
Ц.Санчирмаа:
-12 сая хүн монгол хэлээр ярьдаг юм гэсэн тоо байсан?
-Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар ийм тоон мэдээ байгаа юм. 12 саяын 2.7 сая нь монголд, 5.8 сая нь урд хөршид, тэгээд л Халимаг, Буриад, Тува гээд л болчихож байгаа юм. Хазара, чар үндэстэн ороогүй. Түүнээс гадна Энэтхэгийн зүүн хойд муж буюу Эгч дүү долоо гэсэн нутагт 30 сая монголиод үндэстэн байна. Монгол үндэсний бөх барилддаг, монгол дээлтэй, монгол төрх царайтай. Тэгээд нийтдээ дэлхий дээр 50-60 сая монгол угсаатан байгаа гэсэн баримт байдаг.
-Дунсианьчуудын тухай сонирхуулаач?
-Тэнд амьдрал үнэхээр хүнд. Жилд тоотойхон махан хоол иддэг. Биднийг эхлээд очиход л тахианы махаар хоол хийж өгдөг. Цагаан монголчуудын хувьд хамгийн баян айл нь дөрвөн хоньтой, хоёр гахайтай, нэг шартай. Тэгвэл манайд дөрвөн хоньтой айл бол модоо барьсанд орно. Цагаан монголчууд маань цагаан сараа маш өргөн хийдэг. Шинийн 15 хүртэл хийгээд гурван хоног хонь, үхрийн махтай хоол идээд сүүлийн 10 хоног нь гахайн махтай шөлтэй хоол иддэг. Үнэхээр сайхан амттай. Энэ бүхэн бидний хувьд сонирхолтой байсан.
-Та түрүүн монголчууд байлдан дугуулаад зогсохгүй соёл иргэншлийг түгээж байж гэсэн. Гэтэл персийн урлагийг бол дэлхий үнэлдэг?
-Бид 13 дугаар зууны өмнөх Ираны соёлын дурсгалт барилгыг үзсэн л дээ. Гэтэл хээ чимэглэл маруухан л харагдсан. Тэгвэл Хүлүгэ, Өлзийт хааны үед дэлхийн чадварлаг дархчууд цуглаж хосгүй үнэт байгууламж бий болгосон нь илт байгаа юм. Хэдийгээр Иранд үнэхээр хүнд үеүд байсан ч персүүд монголын хааны дурсгалуудыг маш сайхан хадгалаад үлдсэн байгаа юм. Тэгэхдээ тэд Монголын үе гэж байсан тухай дурсахаасаа үнэхээр ичдэггүй. Монголын үеийн дурсгал Монгол хааны бунхан гэж байгаа юм. Гэхдээ Ираны бүх зүйл нь перс хэл дээр. Он тоолол нь хүртэл 1388 он болж байгаа юм.
-Фото зургийн үзэсгэлэн гаргах гэж байгаа гэв үү?![]()
![]()
-Таван сарын 25-31-нд уран зургийн галерейд нэг жижигхэн үзэсгэлэн гаргах юм. 10-аад мянган зураг байгаа. Гэхдээ зүгээр л нэг сурвалжлага зураг гэхээсээ илүү үзэгчид таашаал авах зураг тавихыг хичээж байна л даа.
Ярилцсан Н.Бат
Эх сурвалж: Ардчилал сонин 2010 оны 4 дүгээр сарын 23
Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд
-
БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРИЙН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ ХАСБАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛДЭХ ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
-
ХАСБАНК 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛД ОРОЛЦОЖ ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ГАРЫН БЭЛГЭЭ ГАРДУУЛЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
-
ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд "Монголын төлөөх зүрх бүхэнд" үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үг
-
"ЦЭЦЭЭ ГҮН -2010" СПОРТ ЯВГАН АЯЛАЛ БОЛЛОО
-
Дэлхийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болох ING банк ХасБанкид төгрөгийн хадгаламж байршууллаа
