ГАЛБЫН ЦЭНХЭР ГОВИЙН ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР
XVII жарны Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн шинийн наймны билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин олон Галбийн цэнхэр говь нутагтаа түмэн тэмээн сүргийн баяраа 6 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Говь нутгийн бахархал болсон Шилмэл буур, Шилдэг ингэ, Тэмээн уралдаан, Тэмээчин сайхан хос шалгаруулах, Монгол үндэсний дээлийг дэлхий дахинд таниулан, алдаршуулах зорилго бүхий Монгол дээлээр гоёцгооё уралдаанууд боллоо.
Түмэн тэмээний баярыг үзэхээр цугласан түмний сонирхолыг хамгийн их татсан тэмцээн нь ХасБанкны ивээн тэтгэсэн Шилмэл буур, Тэмээчин сайхан хос шалгаруулалт байлаа. Идэр залуу тэмээчин хосууд өөрсдийн гараар урласан ховор нандин хийцтэй Монгол үндэсний дээлээр гоёж, хамгийн сайхан тэмээгээ унан оролцлоо. Залуу хүний ганган хээнцэр, гал цогтой сүр жавхланг гайхуулсан өвөрмөц тэмцээн болж үзэгч олон түмний нүдийг булаалаа.
Сайхан хосын тэмцээнд Ханбогд сумын Баян багийн тэмээчин хос Х.Энхбат, Д.Батцэцэг тэргүүн байр эзэлж цалин цагаан мөнгөн аяга, алд цэнхэр хадгийн хамт, Шилмэл буур шалгаруулах тэмцээнд Баян багийн тэмээчин Д.Өлзийбатын Улаан буур түрүүлж байгаль орчинд ээлтэй Эко бүтээгдэхүүн болох нарны зайн цахилгаан үүсгүүр, алд цэнхэр хадгийн хамт ХасБанкны Гүйцэтгэх Захирал ноён М.Болдоос гардан авлаа.

М.Болд тэргүүлсэн залуучуудад: “Цагаан барс жилд тэмээн сүрэг нь түм бумаар өсөн төлжиж, элгэн саднаараа эрүүл энх, түвшин амгалан байхын ерөөл өргөж амжилт хүслээ”. Шинийн наймны эл билэгт сайн өдөр олон сайхан зүйлс давхцан байсны нэг нь ХасБанкны хамт олон Ханбогд сумын иргэдэд санхүүгийн үйлчилгээг улам бүр ойртуулан хүргэж Ханбогд салбарын нээлтийн баяраа тэмдэглэсэн явдал байлаа. Шинэ салбарын нээлтийн ёслолд оролцохоор Ханбогд нутгийн тэмээчин иргэд, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж хүндэтгэлтэйгээр оролцлоо.
Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд
-
Дэлхийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болох ING банк ХасБанкид төгрөгийн хадгаламж байршууллаа
-
ХасБанк Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төгрөгийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
-
ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН ХАСБАНК, КИРГИЗСТАНЫ “МОЛ БУЛАК ФИНАНС” КОМПАНИ ДАХЬ ХУВЬЦААГАА ХУДАЛДЛАА
-
ХасБанк Олон Улсын Cанхүүгийн Корпорациас хоёрдогч эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
-
“МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД” Гэрэл зургийн үзэсгэлэн 2010 оны 07-р сарын 06-10нд болно.
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
