Банкны тухай
Зөвлөлийн гишүүд
| БААБАР Батбаяр | Монгол улсын сангийн сайд асан, нийтлэлч |
| Дашийн БЯМБАСҮРЭН | Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засагч |
| Их хамба лам, гавж Дэмбэрэлийн ЧОЙЖАМЦ | Монголын Бурхан Шашинтны төв Гандан тэгчилэн хийдийн тэргүүн, Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхийлөгч |
| Нацагийн ЖАНЦАННОРОВ | Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУАЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч |
| Бавуугийн ЛХАГВАСҮРЭН | Соёл урлагийн газрын дарга, Ардын аман зохиолч, зохиолч, яруу найрагч |
| Доржийн МӨНХӨӨ | "Гал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн, Жендэрийн Тэгш Байдлын Үндэсний Хорооны гишүүн, Эрүүл мэндийн гавъяат ажилтан |
| Думаагийн СОДНОМ | Монгол Улсын Ерөнхий сайд асан, Гавъяат эдийн засагч |
ХасБанкны олон нийтийн харилцааны зөвлөхүүдээс заримыг нь танилцуулж байна.
Дашийн БЯМБАСҮРЭН

Д.Бямбасүрэн 1942 онд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Ононгийн Шаазгайтын талд төрсөн. 1964 онд Москва хотод Эдийн засгийн дээд сургууль төгссөн. Статистикийн төв газрын мэргэжилтэн, хэлтсийн дарга, Улсын үнийн хорооны орлогч дарга, Авто тээврийн барилга, угсралт, засварын трестийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтын заахирал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Нийгэм эдийн засгийн хөгжлийн улсын хорооны дарга, 1990-1992 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. 1992-1993 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллажээ. "Монголын хөгжлийг дэмжих сан" нийгэмлэгийн ерөнхийлөгч, "Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам" -ын тэргүүн, Дэлхийн Монголчуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэж байв. 1976 онд "БНМАУ-ын өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн эдийн засаг, математикийн загвар" сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. "Орчлонгийн хүрдэн", "Үүрийн жавар" зэрэг 6 ном, онол арга зүй, эрдэм шинжилгээний зуу гаруй өгүүлэл, бичиж нийтлүүлсэн байна.
Думаагийн СОДНОМ

Д.Содном нь 1933 онд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт төрсөн. 1950 онд Санхүү, эдийн засгийн техникумыг, 1958 онд Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн. 1950-1954 онд Сангийн яаманд санхүүгийн байцаагч, нягтлан бодогч, 1958-1963 онд мөн яамны валютын хэлтсийн дарга, 1963 оноос Сангийн яамны сайд, 1972 оноос Улсын Төлөвлөгөөний комиссын дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, 1984-1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар ажиллаж байв. 1992 оноос Ерөнхий сайдын зөвлөх, Монгол-Японы харилцааг дэмжих "Түншийн холбоо" нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2003 оноос "Монголын алт" ХХК-ны эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байна. Сангийн яамны хэлтсийн дарга, сайдаар ажиллаж байхдаа манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валюттай харьцуулсан бодит ханшийг тогтоох, гадаад тооцоог боловсронгуй болгох, улсын төсөв, татвар, даатгалын системийг шинэчлэн өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Улсын төлөвлөгөөний төв байгууллага болон Засгийн газрыг толгойлж байсан жилүүдэд улс орны эдийн засаг, нийгмийн байдалд тодорхой ахиц хөгжил гарчээ. Санхүү, төлөвлөгөө эдийн засгийн төв байгууллагад олон жил удирдах өндөр хариуцлагатай алба хашиж, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд мэдлэг, чадвар, туршлагаа зориулсан нэрт эдийн засагч улс төрч, удирдагч ажээ. Түүний гавъяа зүтгэлийг үнэлж "Сүхбаатарын одон", "Алтан гадас" одонгоор 2 удаа, ойн хүндэт медалиудаар шагнаж, 2003 онд Гавъяат эдийн засагч цол олгосон.
Бавуугийн ЛХАГВАСҮРЭН

Б.Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төрсөн. Худалдааны техникум төгсөж, 1973-1977 онд ЗХУ-ын Киноны дээд сургуульд Уран сайхны киноны найруулагчийн мэргэжлээр суралцсан. МЗЭ-ийн хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллажээ. Яруу найргын анхны түүврээ уран бүтээл туурвиснаас хойш 20 гаруй жилийн дараа "Уянгын тойрог" нэртэй хэвлүүлжээ. Түүнээс хойш "Цагаан тэнхлэр", "Ангир уураг", "Гашуун өвс" зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4000 мөр шүлэг бүхий "Тамгагүй төр", "Чимээгүй шөнө", "Бөртэ чоно", "Алтан шонхор" жүжиг тууривиж, "Бүлээн нурам", "Араатан" зэрэг кино зохиол бичсэн байна. "Зүүдний говь", "Ээжийнхээ ачийг яалаа даа", "Чи бидэн хоёр", "Үүлэн цэнхэр хангай", "Чамайг тойрон эргэлдэнэ", "Эр хүнийг хайрлаж яваарай" зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ. "Боржигоны бор тал" зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна. 1991 онд АНУ-ын Аризони мужийн "Дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын доктор" цол хүртжээ. Жил бүр үзэгч уншигчдын дунд зохиогддог "Болор цом" яруу найргын наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч, "Уянгын тойрог", "Цагаан тэнхлэг" яруу найргийн номоороо 1990 онд "Төрийн шагнал", 1998 онд "Соёлын Гавъяат Зүтгэлтэн", 2003 онд "Ардын уран зохиолч" цол хүртжээ.
Нацагийн ЖАНЦАННОРОВ

Н.Жанцанноров 1948 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Багшийн сургуулийг "Дуу хөгжмийн багш" мэргэжлээр, Киевийн хөгжмийн дээд сургуулийг "Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач"-ийн мэргэжлээр төгссөн. 1983-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга, Соёлын яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1992 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл туурвиж, киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг"/Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн. "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Талын харгуй" гэдэг 24 хүүрнэл романч, "Хүний заяа I, II, III" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг монголд анх удаа тавьж, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиожээ. 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг 2 удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цол хүртжээ.
