Хүний нөөц
Хүний нөөц
Карьер хөгжил
Сонгинохайрхан салбарын бизнес борлуулалтын менежер Д.Гэрэлсүрэн нь ХасБанкинд 2006 оны 1 сараас хойш тасралтгүй ажиллаж байна.
ХасБанкинд ажилласан түүхээсээ хуваалцана уу?
Би 2006 оны 1 дүгээр сард Тооцооны 01 дүгээр төвд теллерийн албан тушаалд ажилд орсон. 2007 оны 7 дугаар сард тус тооцооны төвдөө Зээлийн ахлах мэргэжилтнээр ажилласан. 2010 оны 9 дүгээр сараас Сонгинохайрхан салбарт Бизнес борлуулалтын менежерээр ажиллаж байна.
Ажиллагсдад чиглэсэн спорт, олон нийтийн арга хэмжээнд чи их оролцдог. Энэ талаараа яривал...
Хэ хэ. Манай аав ээж хоёр хамт олонтойгоо байх сайхан гэж их хэлдэг юм. Багаасаа л энэ үгсийг сонсож өссөн болохоор хаана хамт олон байна тэнд л би байхыг хүсдэг дээ. Банкнаас зохион байгуулж байгаа Байгаль орчноо цэвэрлэх, хүүхэд багачуудад туслах, спортыг ажиллагсаддаа болон нийт иргэдэд дэлгэрүүлэх ажил нь яг миний хүссэн дуртай зүйл маань байдаг. Нэг үгээр хэлбэл банкны хүсэл миний хүсэл 2 давхцаж байгаа юм.
Таны хувьд ХасБанк нь ажил олгогчийн хувьд юугаараа онцлог вэ?
Байгууллагын соёлын талаар товч дурдвал. - Манай банкны “Зөв банк ХасБанк” гэдэг үг, үзэл санаа нь их таалагддаг. Энэ утгаараа байгууллагын соёл маань их ЗӨВ санагддаг. Найз нөхдөөсөө бусад байгууллагуудын талаар сонсож харьцуулж байхад манай банк ажилтан албан хаагчиддаа цалин хөлс, хөнгөлөлт урамшуулал, цаашдаа өсөж дэвжих зэрэгт нь их шударга, бодитой ханддаг гэж боддог.
Таныг амжилтад хүргэсэн гол хүчин зүйл юу вэ?
“Санаа зөв бол заяа зөв” гэж л хэлмээр байна даа. Хэ хэ.
Бусдад хандаж хэлэх үг.
Хамтран нэг л зүйлийн төлөө зорьж, хүсэж яваа болохоор урд байгаа ажлаа нэр төртэй, сайн гүйцэтгэж өөрийнхөө амжилтын, гэр бүлийнхээ сайхан амьдралын төлөө, ХасБанкныхаа цаашлаад Монгол улсынхаа төлөө ажиллахыг хүсье
Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу?
Намайг Бямбажавын Оюунгэрэл гэдэг. ХасБанкны Моргейж Банкны Газрын захирлаар ажилладаг. ХасБанкинд ажиллаад 10 жил болж байна. Би нийслэлийн 18 дугаар сургуулийг 1993 онд, ШУТИС-ийн КТМС-ийг 1998 онд Мэдээллийн Технологич мэргэжлээр төгссөн. Мөн 2008 онд АНУ-ын Солорадогийн Их сургуульд суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.
ХасБанкинд ажилласан түүхээсээ хуваалцана уу?
Дээд сургууль төгсөөд 2 жил орчим багшийн ажил хийсэн. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх, сорьж үзэх, мөн англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой өөр ажил хийж үзмээр санагдаад ажил хайж эхэлсэн. Тэгээд 2000 онд Зоос Гоёл ХХК-ийн байранд байрладаг НЭТМОН ХХК-д туслахаар ажилд орсон. НЭТМОН нь тухайн үед анхны ББСБ –уудын нэг байсан бөгөөд тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан ХЗХ-д болон цөөн тооны хувь хүн хөрөнгө оруулан байгуулсан ХЗХ-дын үйл ажиллагааг дэмжих, туслах зорилготой байгууллага байсан. 2001 онд НЭТМОН ХХК-ийн хувьцааны дийлэнхийг ХасБанк худалдан авснаар ХасБанкны залуучуудтай илүү ойр ажиллаж эхэлсэн. НЭТМОН ХХК- нь НҮБХХ-өөс санхүүгийн дэмжлэг аван хадгаламж зээлийн хоршоод, тэр дундаа хөдөө орон нутгийн иргэдийн санаачилгаар байгуулагдсан бичил санхүүгийн байгууллагуудыг дэмжих зорилготой төсөл хэрэгжүүлж байсан юм. Одоогийн банкны франчайзын үйлчилгээний эхлэл байсан гэж болох байх. Ингээд 2003 онд НЭТМОН ХХК-ийн үйл ажиллагааг ХасБанкинд нэгтгэснээр ХасБанкинд шилжин ажиллаж эхэлсэн. Тухайн үед одоогийн зээлийн эрсдэлийн шинжээчээс авахуулаад Хөдөөгийн Зээлийн Хэлтэс, Зээлийн үйлчилгээний хэлтэс гээд Зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх чиг үүрэгтэй Газар, Хэлтсүүдэд ажиллаж байсан. 2006 оноос 2008 он хүртэл АНУ-д суралцаж байгаад буцаад банкиндаа орж ажилласан. 2008 оноос хойш Бичил Санхүүгийн Нэгжийн захирал, Иргэдийн Банкны Газрын захирлаар ажиллаж байгаад 2010 оны 10 сараас хойш Моргейжийн Банкны Газрын захирлын албан тушаалд ажиллаж байна. 2003 оноос 2005 онуудад хөдөөгийн иргэдэд үзүүлэх франчайзын үйлчилгээ, явуулын банкны үйлчилгээн дээр голлон ажилласан. Энэ хугацаанд хамтран ажиллаж байсан нөхдийнхөө хамтаар хадгаламж зээлийн хоршоодод зориулсан нягтлан бодох бүртгэлийн заавар аргачлалыг боловсруулан Сангийн Яамаар, франчайзын багц материалыг боловсруулан Оюуны өмчийн газраар тус тус батлуулж алслагдсан сум орон нутгуудын олон арван хадгаламж зээлийн хоршоодыг үйл ажиллагааны чиглэл, заавар зөвлөмжүүдээр хангасан. Мөн Зээлийн Үйлчилгээний Хэлтэст ажиллаж байхдаа баг хамт олноороо Санхүүгийн түрээс, орон сууцны зээл, овердрафтын зээл зэрэг олон бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлсэн байна.
Таны хувьд ХасБанк нь ажил олгогчийн хувьд юугаараа онцлог вэ? Байгууллагын соёлын талаар товч дурдвал.
Ер нь байгууллагын соёлыг тэнд ажиллаж байгаа хүмүүс бүрдүүлдэг гэж боддог. Хүн бүрийн хувьд тухайн байгууллагад юу нийтлэг үнэ цэнэ бий болгож байна тэрийг би соёл гэж ойлгодог. Залуу насныхаа сайхан бүхнийг би энэ газартай холбосондоо баяртай байдаг. Зөвхөн би ч биш манай гэр бүлийнхэн хүртэл баяртай байдаг. Өөрөөр хэлбэл надаар дамжуулаад гэр бүлийн гишүүд маань хүртэл банкны үнэ цэнийг мэдэрч байгаа нь би өөрөө соёл гэж боддог. Хүний хүмүүжил гэр бүлийн хүмүүжлээс их хамаардаг шүү дээ. Ээж аав, тэдгээрийн хоорондын харилцаа, зөв шударга бүхний хөхүүлэн дэмждэг, муу болохгүй бүхнийг ялгаж салгаж зааглаж өгдөг, бие биенээ хүндэлдэг, чадахгүй нэгэндээ зааж сургадаг, тусалж дэмждэг, болохгүй зүйлүүдийг нь цаашид сайжраасай, засраасай гэсэндээ ил тод хэлдэг гээд. Эргээд хүүхдүүд нь удам угсаа, аав ээжээрээ бахархаж, хойч үеэ мөн адил замналаар замыг зааж өгдөг. Яаг ийм айл өрхтэй би ХасБанкны соёлыг адилтган үздэг. Залуучууд голдуу ажилладаг болохоор манай байгууллага эрч хүч, нээлттэй, ил тод байдаг, хэнд ч дэвшин дээшлэх боломж олгодгоороо бусад аль ч байгууллагаас илүү гэж боддог. Мөн хувь нийлүүлэгчдээсээ эхлээд бүхий л түвшиндээ зөвхөн банкны эрх ашиг бус нийгмийн сайн сайхны төлөө, зөв шударга арга барилаар ажиллах зарчмыг дэмжиж ажилладаг нь өөрөө юугаар ч үнэлшгүй үнэ цэнийг бий болгодог гэж боддог.
Таныг амжилтад хүргэсэн гол хүчин зүйл юу вэ?
Өөрийгөө би их азтай хүн гэж боддог. Өөрөөр хэлбэл зөв газраа зөв цагтаа байж таарсандаа азтай гэж боддог. Мэдээж амжилтанд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Юуны өмнө хувь хүний хичээл зүтгэл, ажилдаа чин сэтгэлээсээ хандах байдал гээд л. Гэхдээ байгууллагын соёл, ажлын орчин, уур амьсгал, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн дэмжлэг хамгийн чухал нөлөөтэй гэж боддог. Ер нь бидний ажлын үр дүн дан ганц нэг хүнээс хамаараад байх нь харьцангуй бага, дийлэнхдээ л баг хамт олны ажлын үр дүнгээр хэмжигддэг. Ялангуяа удирдах албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үр дүн хамтран ажиллаж байгаа хүмүүсээс их хамааралтай байдаг. Нэгэнт хүмүүстэй ажиллаж байгаа болохоор тэр хүмүүст чи юу өгч чадаж байна, тэр хүмүүсээс чи юу авч чадаж байна тэр бүхнээс амжилт хамаардаг гэж боддог. Тиймээс ажилдаа сэтгэл зүрхээ зориулж чаддаг, бие биенээ хүндлэн хайрладаг тийм хүмүүстэй ажиллаж байсандаа баярлаж явдаг.
Бусдад хандаж хэлэх үг?
Дөнгөж ХасБанкны босгыг алхаж байгаа болон алхаад удаагүй байгаа залуучууддаа хандаад хэлэхэд Та бүгд зөв банкны босгыг зөв цагтаа алхаж орсон байна. Тиймээс өөрсдийгөө нээх, цаашид хөгжүүлэх, амжилтын түлхүүрээс атгах боломж та бүгдийн өмнө нээлттэй байна. Бүх зүйл та бүгдээс шалтгаална гэж хэлмээр байна. Нийт ХасБанкны зөв залуучууддаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.






