Байгууллагын Засаглал
Байгууллагын Засаглал
Думаагийн СОДНОМ
Думаагийн СОДНОМ
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Гавъяат эдийн засагч

Д.Содном нь 1933 онд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт төрсөн. 1950 онд Санхүү, эдийн засгийн техникумыг, 1958 онд Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн. 1950-1954 онд Сангийн яаманд санхүүгийн байцаагч, нягтлан бодогч, 1958-1963 онд мөн яамны валютын хэлтсийн дарга, 1963 оноос Сангийн яамны сайд, 1972 оноос Улсын Төлөвлөгөөний комиссын дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, 1984-1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар ажиллаж байв. 1992 оноос Ерөнхий сайдын зөвлөх, Монгол-Японы харилцааг дэмжих "Түншийн холбоо" нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2003 оноос "Монголын алт" ХХК-ны эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байна. Сангийн яамны хэлтсийн дарга, сайдаар ажиллаж байхдаа манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валюттай харьцуулсан бодит ханшийг тогтоох, гадаад тооцоог боловсронгуй болгох, улсын төсөв, татвар, даатгалын системийг шинэчлэн өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Улсын төлөвлөгөөний төв байгууллага болон Засгийн газрыг толгойлж байсан жилүүдэд улс орны эдийн засаг, нийгмийн байдалд тодорхой ахиц хөгжил гарчээ. Санхүү, төлөвлөгөө эдийн засгийн төв байгууллагад олон жил удирдах өндөр хариуцлагатай алба хашиж, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд мэдлэг, чадвар, туршлагаа зориулсан нэрт эдийн засагч улс төрч, удирдагч ажээ. Түүний гавъяа зүтгэлийг үнэлж "Сүхбаатарын одон", "Алтан гадас" одонгоор 2 удаа, ойн хүндэт медалиудаар шагнаж, 2003 онд Гавъяат эдийн засагч цол олгосон.






