Санхүүгийн Боловсрол олгох хөтөлбөр Афлатон хөтөлбөр


ХҮҮХДЭД НИЙГМИЙН БОЛОН САНХYYГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АФЛАТОН ХӨТӨЛБӨР


Афлатон нь 6-18 насны хүүхдэд зориулсан нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь одоогоор дэлхийн 81 орны 1.1 сая гаруй хүүхдэд хүрээд байна. Хөтөлбөрийн зорилго нь шавь төвтэй сургалтын аргаар хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгож өөртөө итгэлтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлдэг ба энэ нь хөтөлбөр хэрэгжсэн олон орны туршлагаар батлагдаад байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн сургалтаар хүүхэд өөрийгөө танин мэдэж, авъяас чадвараа хөгжүүлэх, эрхээ эдэлж үүргээ ухамсарлах, мөнгө болон бусад баялгийг зөв зарцуулах, хуримтлуулах, төсөвлөж төлөвлөх, нийгмийн болон санхүүгийн үйл ажиллагааг өөрсдийн санаачилгаар зохион байгуулах чадварыг эзэмшинэ. 


Монгол улсад 2010 онд тус хөтөлбөрийг ХасБанкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-аас туршилтаар хэрэгжүүлж, хот хөдөөгийн 10 ерөнхий боловсролын сургуулийн  нийт 8-11 насны 356 сурагчийг хамруулсан юм. 2010 онд сурагчдаа хөтөлбөрт хамруулсан багш, сургуулийн удирдлага, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байж, бусад хөтөлбөрт хамрагдаагүй сурагчдыг хөтөлбөрт хамруулах санал тавьсан нь “Афлатон” хөтөлбөр нь манай орны хүүхэд багачуудад үр өгөөжтэй, хэрэгцээтэй мэдлэг чадварыг олгож байгааг харуулсан юм. 
2011 онд хөтөлбөрийнхөө цар хүрээг нэмэгдүүлж одоогоор 29 сургуулийн 93 ангийн 8-11 насны 3200 сурагчдыг “Афлатон” сургалтанд хамруулахаар төлөвлөөд байна.